Богд ламд бараалхсан нь

Урьд нэгэн цагт манай нутагт
Нэрд гарч зард тарсан
Гахай жилийн зуд болж
Ганц морьтой нь
Гар хоосон болж
Гаднаа хоньтой нь
Ганзага мэрэх юмгүй үлдэж
Хувин цайлгах сүүгүй
Хусуур дуугаргах хусамгүй
Хусран үнээд цайхгүй
Хурган сүүлэнд нь мөлжүүргүй болтол ...
Хаврын хавсарга үлээж
Хамаг олон нь өлсгөлөн болж
Хал үзэж халуун чулуу долоох үед
Хаан эзнээс өршөөл гуйж
Хайр тэтгэм горьдон залбирч
өргөх бичиг үйлдэн зохиож
Эрдэнэ далай вангийн хошуунаас
Элч зарлагаар намайг илгээж билээ
Далан худалч давиран цогиод
Даагатай гүүгээ даргиулан шогшоод
Даа хүрээнд хүрээд ирлээ
“Далай вангийн хошуунаас
Далан долоон зовлон тоочихоор
Далан худалч ирсэн гэнэ” гэж
Богд лам сонсоод
Бодол болж сууснаа
“Албат нараа цуглуулаад
Арга мэх зохиоё” гэж
Ам нийлж ярилцаад
Алга ташиж тохирч гэнэ.
Далан худалчийг бараалхаж ирэхэд
Нүдээ боож сохор болоод
Нүүрээ будаж эхнэр болоод байцгаая
Далан худалч ирээд
Богд лам нь аль болохыг
Бодож олох хэцүү
Тааж мэдэх бэрх болоод
Танилгүй мухардахад нь
“Богд ламаа болгоосонгүй
Буруу хүнд бараалхав” гэж
Буцааж явуулъя” гэж хэлэлцээд
Олбог тойрон оль сохор
Танхим тойрон таг сохор болоод сууцгааж гэнэ.
Далан худалч түүнд яаж хуурагдах аж даа.
Богдын ордонд ортол
Боодолтой сохор ч нэг хэсэг байлаа
Болохоо байсан сохор ч нэг байлаа
Болно гэж өөрөө дурласан сохор ч нэг байлаа
Богдыг дууриасан бодолгүй сохор ч бас байлаа
“Сохор бүхэн юмны адагт байдаг болохоор
Сохор, сохрын дотроос
Төрөлхийн сохор нь адагт нь байж таарна” гээд
“Арваад сохрын аль сохрыг тэр гэх вэ
Адгийн сохор амар байна уу” гээд
Хадгаа гаргаж бичиг өргөдлөө барив
Оль сохруудын дундаас
Оногдсон сохор нь Богд өөрөө байлаа
Боодолтой сохрууд нь босоод явахад
Богд сохор нь үлдээд хоцорлоо
Тэгэхлээр нь би ийн хэлрүүн:
“Хувь заяа минь дутаж
Хошуу нутаг минь хоосроход
Хутагт лам маань бас
Сохор байдаг байна шүү
Одоо яана даа!” гээд
Орь дуу тавьж гарлаа
Тэгтэл Богд лам ичсэндээ болоод
Энэрэл өршөөлийн зарлиг буулгаж
Энэ хошууг ёсөн жил дараалан
Албан гувчуур, авлага зэтгэрээс
Тайлсан тухай тамгатай бичиг өгч
Намайг адислан гаргалаа
Ингээд би нутаг хошуундаа
Баяртай, бараатай хүрч ирээд
Богд ламын боодолтой нүдийг далимдуулж
Бошгын албанаас чөлөөлөгдсөнөө ярихад
“Боллоо Далан худалч минь
Богдыг үүнээс илүү яаж чадах вэ” гэсэн юм.

Шошго: |

0 Сэтгэгдэл: