Гутлын зодоон

Тэгээд би тэр өдөртөө ан хийж явсаар орой бүрэнхий болж од түгсэн хойно гэртээ ирээд өлссөнийг хэлэх үү, хотгор бор ирэгнийхээ хоёр далыг өвчүүтэй чанаж идээж унтлаа. Гэтэл шөнө дундын үед манай гэрт пэд пад, пас няс болоод зодоон гарч эхлэв шүү! “Согтуу хүн ирээд агсам тавьж байна уу, юу болов?” гээд босоод харсан чинь миний хоёр гутал зодолдож байв. “Яагаад энэ хоёр зодолддог билээ?” гэж ажиглавал...
“Чи бид хоёр адилхан л өдрийн турш шалбааг шавар гатчин газар алгадсаар явж ирэхэд цаадах чинь чамд яагаад тос түрхээд намайг яагаад тоостой нь орхидог юм бэ? Чи муу бялдууч,” гээд л тас няс бололцон нүдэлдэж байсан юмсанжээ. Нээрээ тэгээд бодтол би нэг гуталдаа гарынхаа тосыг түрхээд нөгөөг нь хоосон орхисон нь үнэн байв.
Тэгэхлээр нь би нөгөө гомдолтойд нь тос түрхээд хойш нь тавьсан чинь сая чимээ аниргүй болоод амар сайхан унтаж билээ” гэхэд Дархан хаан “Ха ха ха! Хачин юм болох нь ээ хөө! Чиний муу хөмөн гутал хөөрцөглөдөг болох нь ээ” гэв.
“Дархан ноёнтон минь ээ! “Яльгүй зусар баяжихад саад” гэдэг үг бий шүү дээ. Та ч хүртэл сая адуучин, хоньчин хоёроо орж ирэхэд адуучиндаа архи хийж өгөөд хоньчноо хоосон гаргасныг харвал миний муу хөмөн гутал тостой тосгүйдээ гомдолцох нь бага хэрэг. Харин тэр гомдсон хоньчин чинь хүний хүү болсон хойно таныг бялдууч гэлгүй дээ” гэхэд
“Уухай хөө! Би бялдууч болж байна уу? За цааш нь ярь” гэлээ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: