Нэг төө өвгөн

Эрт урьд цагт нэг төө биетэй хоёр төө сахалтай нэг өвгөн байжээ. Тэр хүн хөрөнгө болох бөөсөн бяруутай, хуурсан нохойтой, дэрсэн тэрэгтэй юмсанжээ. Бөөсөн бяруугаа бөн бөн хийлгэж хуурсан нохойгоо хав хав хийлгэн дэрсэн тэргээ хар хар хийлгээд явж байжээ. Өвгөн явж байтал нэг гүвээн дээгүүр гартал нэг могой тохиолдон түүнийг эр хүнд олз гэж аваад дэрсэн тэргэн дээрээ хаячихаад цааш явтал нэг айлын нутаг тааралджээ. ...
Тэнд очсон чинь нэг шивээ, нэг муу тэвнэ, нэг шувууны долоон өндөг, нэг муу төмөр муна байсныг аваад цааш явж байтал мангасын өндөр хар овоохой дайралдаж гэнэ. Мангас нь эзгүй байна гэнэ. Төө өвгөн орж хоол унднаас нь идэж уучихаад мангасыг хорлох гэж тэвнээ орон дээр нь хатгаж, айраг руу нь могойгоо хийж нурман дотор нь өндгөө булж шивээгээ цаваг өөд нь хийж төмөр мунаа тотго дээр нь тавьж орхиод дэрсэн тэргээ нуужээ. Өөрөө бараан дотор нь ороод хэвтэж байжээ. Харанхуй шөнө мангас гэртээ хүрч ирээд цаваг өөдөө ташуураа хийх гэтэл шивээ хатгаж орон дээрээ суух хэмээтэл тэвнэ хатгаж, айрагнаасаа уух хэмээтэл могой хатгажээ. “Галаа ноцоож гэрэл гаргая, ер нь юу болж байна?” хэмээгээд нурмыг хутгатал өндөг хагарч нүдийг нь сохложээ. “Ингэж гэрт үхсэнээс гадаа гарч үхье” гээд ухасхийтэл төмөр муна унаж толгойг нь бяц цохиж алжээ. Түүнийг өнөө өвгөн үзээд “Тийм том мангасыг ийм жижигхэн хүн алчих гэж байх уу?” гэж онгирон хөхөрсөөр байгаад ээрч элэг нь хөшөөд үхчихжээ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: