Шунаг бадарчин

Урьд нэг бадарчин том үүргэндээ түүртэж ядраад, амарч суутал намрын сайхан үс гүйцсэн хазгар туулай дэргэдүүр нь гарав.
Бадарчин ухасхийн түүнийг хөөж хариу ч үгүй гүйцэн алдаж явлаа. Тийнхүү ухаан жолоогүй туулайг хөөж явсаар, хэд хэдэн гүвээ давж халууцахдаа дээлээ тайлж хаяад хөөсөн чинь туулайн сүүлний үс гарт өртөн алдаж явав гэнэ. ...
Ингэхэд нь бадарчин урамшиж хоёр гутлаа тайлж хаяад хөөсөн чинь бараг сүүлнээс нь шүүрэн алдаж шүүрэн алдаж явахлаар нь бас цамцаа тайлж хаячихаад хөөсөн чинь туулайн сүүлнээс барьж алдаж барьж алдаж явав гэнэ. Гэвч бадарчин маш их ядарсан тул цааш явж чадахаа байжээ. Тэгээд буцаад явах гэтэл хаашаа хэдэн даваа гүвээ өнгөрч аль жалга гуугаар орсноо бадарчин гуай ч санахаа байсан байна гэнэ.
Нэг мэдэхэд аль хэдийн харанхуй болж, баруун хойноос жихүүн салхи сэвэлзэж, бүдүүн ширхэгтэй цас хаялж цасан шамарга оров.
Туулайд шунасан бадарчин гэнэт мэдээ орж дээл гутлын зүг явах гэтэл нүүр нүдгүй шавж байгаа цасан шамарганд төөрч хөөрхий бадарчин хөлдөж үхэв гэнэ. Харин хэдэн хоногийн дараа туулай бадарчингийн өвийг цуглуулж аваад сууж байтал нэг хэрээ ирээд “Туулай хүүгээр сонин юу байна? Чи яасан их юмтай болчихов?” гэв.
Туулай “За яахав дээ! Нэг бадарчингийн өв дээр сууж л байна. Чам шиг амьтан харганан дээр суугаад маани тоолж суухад энэ л дээр байх” гээд бадарчингийн шар модон эрихийг авч өгсөнд хэрээ баярлан хүзүүндээ зүүгээд нисэв. Хэрээний дараа чоно ирж мөн туулайгаас юм гуйлаа. Туулай “Чам шиг амьтанд энэ л дээр байх, үүнийг өмсөөд айлын хотонд ороход ер чимээ анир гаргахгүй сайн юм байх ёстой” гээд оймс гутлыг авч өгсөнд чоно баясан аваад явжээ. Дараа нь нэг бар ирж туулайнаас бас юм гуйсанд туулай “За танд энэ л дээр байх даа. Хүүхдээ төрөхөөр үүгээр саатуулж байгаарай” гэж бадарчингийн хэнгэрэг цанг өгч гэнэ.
Туулайн өгсөн бэлэг нь тэр гурван амьтанд тус бүрд нь гай болж, хэрээ модон дээр сууж байгаад нисэх гээд эрихээр модонд өлгөгдөж үхэв. Чоно гутлыг өмсөж айлын хотонд ороод цохиулчихав гэнэ.
Барын зулзага дөжирч мангууртлаа хэнгэрэг цан цохиж байгаад анчинд мэдэгдэж алуулчихав гэнээ.

0 Сэтгэгдэл: