Могжоохон даагатай жогжоохон хүү

Эрт урьд цагт манжийн хааны үед нэг хаан нутгийн ардыг хэл амаараа даван дарлаж байж гэнэ. Тэр нутагт Могжоохон даагатай Жогжоохон хүү байж гэнэ. Нэгэн өдөр Жогжоохон хүү Могжоохон даагаа унаад дарданхан замаар шавхранхан гуядаад давхиж явтал шулуухан нүх рүү шулданхан зурам гулданхан гээд орчихож гэнэ. Түүний нүхийг утанхан уханхан сууж байтал хар азарга унасан хар дахтай хааны адуучин хүн ирээд “Чи юу хийж байгаа эцгийеэ түрүү вэ?” гэж асууж гэнэ. Хүү ...
“Шулуухан нүх рүү
Шулданхан зурам
Гулданхан гээд орчихоор нь
Уханхан утанхан сууж байна” гэж хариулсанд адуучин “Яасан цэцэн үгтэй гайхал вэ? Тэнгэр ниргэг чамайг” гэв. Хүү
“Дахтайгаар нь таныг ниргэг,
Далантайгаар нь азаргыг тань ниргэг.
Уртаар нь уургыг тань ниргэг
Өнөрөөр нь хааныг тань ниргэг,
Өнчнөөр нь намайг өршөө!” гэв. Гэтэл адуучин уурлаж хаандаа очиж мэдүүлэх гэтэл хаан эзгүй байв. Тэгээд хааны хатанд мэдүүлжээ. Хатан нь хүүг дуудуулж авчраад байцаах гэтэл хүү
“Ямаан толгой ямбанд ордоггүй,
Янтгар хатан хуулинд ордоггүй,
Тэмээн толгой тэвшинд ордоггүй,
Тэнтгэр хатан зарга шүүдэггүй,
Хонины толгой хоймроо домбойдог,
Хотгор сайхан ноёноо ирэхэд шийтгүүлнэ” гэв. Тэгэхэд нь хүүг нүцгэлж морины уяан дээрээс уячихав. Хүү чичрэн зогсож байтал хааны оточ лам хараад “Чи юугаа хийж байгаа хүүхэд вэ?” гэж. Хүү “Эмч хүний эрхий хуруу, домч хүний долоовор хуруу, хувраг хүний хувхай толгой мөлжиж сууна” гэв. Гэтэл хаан ирээд хэрхэн юуны учир уяулсныг асуужээ. Хүү хатан, адуучин хоёртой хэрэлдсэнээ бүрэн хэлбэл хаан “Хүү чиний зөв” гээд шагнал хүртээж явуулав.

Шошго: |

0 Сэтгэгдэл: