Манж хятадын хааны сорилтыг няцаасан нь

Хоёр улсын хил дээр манжийн хаан, монголын ноёд хэрэг нийлэхээр уулзаж гэнэ. Гэтэл манж хятадын хаан толгойныхоо үсийг өөд нь илж оочны сахлаа доош нь шувтарч гэнэ. Харин монголын нэг түшмэл толгойн үсээ урагш илж оочоо сөргөн имэрч уулзжээ. Тэгэхэд манж хятадын хааны царай нь хувис гэж дуугүй болж гэнэ. Үүний учир нь манж хятадын хаан “Манай дайчин гүрэн ийм өнөр өтгөн өөдрөг” гэж ёгтоор толгойн үсээ дээш илж “Танай монгол ийм цөөхөн” гэж оочоо шувтарч дээрэлхсэнийг мэргэн түшмэл хариулж... “Танай гүрэн өнөр өтгөн боловч толгойн үс шиг нэг хутганд хусагдахад манай монгол хэдий цөөн ч оочин сахал мэт үлдэнэ” гэж манж хятадын хааныг давсан гэдэг. Хоол өгөхөд эхлээд бин авчирч өгөхөд зарим ноёд идэх гэхэд нөгөө түшмэл “Гар нүүрийн алчуур авчирлаа” гэж уул бингээр гараа цэвэрлэж буцаажээ. Дараа нь ёроол нь бөөрөнхий аяганд цай хийж өгөхөд нөгөө түшмэл эрихээ цагираглан ёроол гарган аягаа тавиад цай уужээ. Дараа нь гурилаа хийсэн эмээлтэй хазаартай морь авчран “Хоол ид” гэхэд “Эмээлий нь авья” гэж хэлээд нуруун дахь гурилыг авч амы нь олж уул хоолыг иджээ. Ийм сүрхий давагдашгүй мэргэн түшмэл гарсан тул манж хятадын хаан аргадаж “Хүргэнээ болгоно” гэжээ. Тэгэхэд нөгөө түшмэл
“Одоохондоо танай тансаг гүнжийг аваачих орд өргөөгүй тул шаварчин хятадаа өгнө үү? Юу ч гэсэн байшин савтай болъё, дараа нь гүнжийг авъя” гэжээ.
Манж хятадын хаан барилгачин хятадууд явуулж барилга бариулж гэнэ. Тэгэхэд түшмэл манж хятадын хаанд захиа бичиж
“Хоёр нүд сохорсон, гараасаа хөтлүүлж шээсээ зөөлгөх хүн хэрэгтэй байна. Гүнжээ одоо өгнө үү? Гэжээ. Манж хятадын хаан уул захидлыг уншин маш их сэжиглэн гүнжээ өгөхөө больсон гэдэг. Харин нөгөөх түшмэл орон барилгатай болж тохижжээ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: