Үлгэр ярьсан нь

Нэг бадарчин замын гудас тохиолдсон айлд хоног тааруулан сайтар амарч унтахаар шийдээд нэг айлд очсонд тэр айл бадарчныг “Үлгэр ярьж өгвөл унтуулна, эс ярьвал хөөж явуулна” гэж болзол тогтоосонд бадарчин “Шөнийн турш сайхан үлгэр ярина” гэж амлаад тэр айлд хоол цай хийлгэж тухлан сууж гэнэ. Үдэш болсонд тэр айлын хүмүүс “За бадарчин гуай, та үлгэрээ эхлэхгүй юу” гэсэнд бадарчин “Орондоо ороод эхэлье” гэж гэнэ. Үлгэр сонсохын тулд бадарчинд сайхан ор засаж өгөөд өөрсдөө орондоо орцгоон хэвтэж гэнэ. Тэгээд “За одоо үлгэрээ эхлэгтүн!” гэж гуйсанд бадарчин ийн хэлрүүн:...
“Урьд би цагийн сайхан, зуны дэлгэрт зандан зуугийн замаар занхаг занхаг гээд л алхаж явлаа” гэхэд
“За тэгээд?” гэх сонсогдоход
“Замын хажуугаар зандан ч ургасан байх юм, замбага ч ургасан байх юм. Замбуутив гэдэг мөн ч сайхан даа!” гээд дуугүй болоход нь
“За цааш нь!” гэж шохоорхон асуусанд бадарчин
“Залуу байхад л мөн ч томоогүй байж л ээ! Замаар явахгүй заавал зандан модны төгөл дундуур явдаг байж билээ!” гээд бас л дуугүй болоход
“Тэгээд цааш нь” гэхэд
“Цаашаа яваад л байлаа.... яваад л байлаа” гэхэд нь
“За тэгээд юу болов оо!” гэхэд
“Тэгтэл замын хажууд нэг гозойсон шар юм гараад ирлээ шүү!” гээд таг дуугүй болж гэнэ.
“Тэр чинь тэгээд юу байв аа?” гэхэд Баадай
“За! За! Юу байхав, зурам л байхгүй юу! Тэгээд л нүх рүүгээ ороо л биз. “Зуны шөнө богино” гэдгийг эс мэдэх биш унтацгаа” гэж хэлээд хурхирч гарч гэнээ.

1 Сэтгэгдэл:

  1. Anonymous Says:

    Гоё Үлгэр болж энд нийтлэсэн хүмүүсдээ баярлалаа