Өдөр унасан мах авдаггүй

Баадай нэг удаа ноёны хөтчөөр явах болж гэнэ. Тэр ноён өртөөн дээр очоод чанаж өгсөн махыг нь идээд баралгүй үлдсэн хэсгийг нь замдаа идэхээр ганзагалж явдаг заншилтай хүн гэнэ. Тэгээд нэг өртөөн дээрээс нэг гуя мах болгож аваад ачааныхаа араас зүүгээд явж гэнэ.
Хэсэг явтал өнөөх мах нь уяагаараа тасраад газар уначихсанд Баадай ухасхийн бууж авах гэтэл тэр ноён нь
“Байг, өдөр унасан мах авдаггүй юм” гэж хориглоод “За чи үүнээс хойш өдөр унасан мах авч болдоггүй юм шүү” гэж Баадайд сургаж гэнэ. ...
Маргааш нь өөр нэг өртөөн дээр очтол ноёнд бусгадаг морь барьж өгсөнд Баадай түүний нь хөтлөн явж байтал ноёны морь гэнэт бусгасан учир ноён газар ойччихож гэнэ. Баадай жишим ч үгүй цааш хатируулсанд өнөөх ноён хойноос нь
“Хүүе, чи намайг аваач!” гэж хашгирсанд Баадай
“Өдөр унасан мах авдаггүй юм” гээд цаашаа улам түргэлэн давхисаар нэг жалганд ороод ноёныхоо авч явсан жаал зугаа юмыг идэж суутал өнөөх ноён нь арайхийн гүйцэж ирээд уурлан Баадайг ороолгох гэсэнд Баадай “Та өдөр унасан мах авдаггүй юм. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм” гэж сургасан болохоор энэ миний буруу бишээ” гэж гэнээ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: