Харамч айлыг чадсан нь

Хоёр бадарчин явж байтал нэг айл тааралдсанд тэднийд орвол тэр айл саяхан хонь төхөөрсөн бололтой шинэхэн мах өлгөөтэй байсны дээр тогоон дээр өвчүү, гургалдай зэрэг амттай сайхан мах чанаж байжээ. Хоёр бадарчин тэднийхийг хоолоо гаргахыг нь хүлээж хичнээн суувч тэр айл хоолоо гаргасангүй, харин эрэгнэг доогуураа тогоотой нь тавиад хар хүн нь хэвтээд хурхираад өгч гэнэ. Тэгэхлээр нь хоёр бадарчин хоорондоо хэрэлдэж гарчээ.
“Нартай ирсэн нармигар тархи!” гэхэд
“Намайг дагасан нурнигар тархи!”гэвэл
“Хоосон хоносон хожгор золиг!”гэвэл...
“Хоёр тийшээ болсон чигъяа тархи!” гэх зэргээр хэрэлдсэнд айлын авгай “Аятайхан шалтаг гарлаа” гэж баярлаад “Хоёр бадарч минь манайхаас гарч хэрэлдээрэй!” гэж хөөсөнд тэр хоёр нь бүр чи би-дээ тулаад нэг нь “Авгай минь нохойгоо хорьж аль! Би явлаа” гээд гарсанд айлын авгай ч гарч гэнэ. Тэгээд гэрийн хаяанд үүргээ бөхлөх дүр үзүүлэн зогсоод гэрт гадаа хоёроос бас л хэрэлдэж гарч гэнэ. Гэр доторхи нь
“Хаа байгаа нь үл олдох тархи” гэсэнд нөгөө нь
“Хар тогооонд халив болсон чигъяа тархи” гэхэд
“Шизав татав чигъяа тархи” гэхэд гаднах бадарчин
“Хүйтэн усанд булхаж баймаар золиг” гэсэнд
“Энгэр газар хэвтсэн ч эс багтсан чигъяа тархи” гэхэд
“Эвдэн бусган хаямаар чигъяа тархи” гэх зэргээр хэрэлдэх энэ хооронд гэр доторхи бадарчин тогоотой хоолы нь янзлан боож өвөртлөж амжаад гэрээс гарч ирэхдээ
“Тархий чинь хага цохиод тарагны чинь савыг бяц дэлсэх сэн” гэсэнд айлын авгай
“Эрхэм хоёр бадарч минь, иймхэн юмнаас ингэж хэрэлдээд яах вэ? Эртхэн явж янзаа олж үз! Бид ч унтлаа” гэж гуйсанд мань хоёр бадарч хэрэлдсээр хоёр тийшээ явж хамрын цаагуур орсонд айлын авгай нохойгоо үүдэн дээрээ уяад гэртээ орж нөхрөө сэрээгээд
“Хоёр бадарч хойт, урд хамраар далд орлоо хөө, хоёулаа хоолоо идье!” гээд тогоотойгоо гаргатал өвчүүний нь оронд нөхрий нь арьсан өмдний гуя, гургалдайны нь оронд гурван төө дээс байсанд сая учрыг олж
“Ээ! Халаг минь! Хаа гэхээс харамлах уу?” гэж амаа барьж гэнэ. Энэ үед мань хоёр бадарчин хээр суугаад өвчүү, гургалдай хоёрыг нь идэж авчээ.

0 Сэтгэгдэл: