Тунгаар уусан чи байтугай

Эрт урьд цагт нэг бадарчин лам хөдөө хээгүүр хэсүүчлэн яваад нэгэн айлын хуучин бууцан дээрээс эмч хүний бололтой нэгэн сав эм олжээ.
Үүнийг олсондоо их л олзуурхан баярлаж үүргэндээ авч хийгээд их үдийн хэр булаг усны дэргэд очоод жодгороо шааж хоол чанаж байхад тэртээ айлын нэгэн хүн морь унаж довтлон ирээд өврөөсөө хадаг гаргаж яаран “Ай ламтан минь, манай эхнэр халуун өвчин хүрч хүнд зовуурилан байгаа тул анагаах туслах зүйл юу байна? Ажиглавал ламтан та оточ биз ээ. ...Эрхбиш нигүүлсэн айлдаж эл үхэл зовлонгоос гэтэлгэн соёрх!” гэж өгүүлж хадгаа өргөн барьсанд бадарчин лам хэзээний эмч мэт төв ихэмсэг дүр үзүүлж “За” гэж хадгийг хүлээн аваад бага дөрвөлжин цаасан дээр эмийн их тунгаар өнөөх эмнээсээ нэгэн тунг тог хийтэл тавьж дунд үлдсэн өчүүхэн бага үлдцийг долоогоод “Энэ эмийг халуун бүлээн усаар даруулан лам гурван эрдэнэд сүжигтэйхэн хүртэж орхи, үүнийг уугаад даруй сайн болно!” гэж хэлж явуулмагц бадарчин ламын бүх бие гэнэт бэрх болоход хувцсаа тайлаад хэвтэж бүхийд түрүүчийн ирдэг хүн эмээл хазаартай нэгэн сайн морийг хөтлөж их л яаралтайгаар довтолгон ирээд сандран
“Ай ламтан, манай эхнэр таны хайрласан нэгэн тун эмийг хүртмэгц ухаан мэдрэл алдан дэмийрч галзууран тун бэрхтэй болж үхэхэд ойртов. Ламтан манай гэрт морилон очих буюу хэрхвэл зохих арга тусгай зүйлийг заан хайрла” гэж дахин давтан гуйсанд бадарчин лам дорой дуугаар гунганан
“Тунгаар уусан тэр байтугай тунгий нь долоосон би үхэх гэж байна!” гэсэнд өнөөх хүн нэгэнт итгэмжилсэн сэтгэл иймд хүрсэн тул нүцгэн толгойгоор хад мөргөсөн мэт болж ямар ч арга авралгүйгээс хойш гэртээ гунихран буцжээ.

0 Сэтгэгдэл: