Хүн хонуулж болдоггүй айлд

Урьд хоёр бадарчингийн явах замд “Ер нэг ч хүн хонуулдаггүй айл бий” гэж хүмүүс хэлжээ. Гэтэл тэр хоёрын явах зүгт өөр айлгүй, яг хоног таарах болж гэнэ.
Хоёр бадарчин явсаар байтал оройхон хэрд нээрээ хоёр гэр харагдсанд нэг нь “Чи зүүн талыг гэрт оч. Би тэр баруун талын, хүн хонуулдаггүй гэрт оръё. Чи харин өглөө явахдаа намайг гаднаас дуудаарай” гэв.
Нөгөө нь “Чамайг тэр айлд хонуулалгүй хөөвөл яах вэ?” гэж асуусанд “Гайгүй дээ, нэг аргалж болох байх” гэжээ. ...
Тэгээд тэр хоёр бадарчин хэлэлцсэн ёсоор тус тусын гэрт оров гэнэ. Хүн хонуулдаггүй айлд орсон бадарчин таг дүлий болж хувирчээ. Мэнд мэдсэний дараа тэр айл мөн бадарчинд яаран цай чанаж, хоол хийж өгөөд “Лам аа! Эртхэн яв, манайд хүн хонож болдоггүй” гэхэд бадарчин ер ойлгосон шинжгүй байв гэнэ. Тэгэхэд нь тэр айлынхан “Гарч яв” гэсэн янзтай гараар үүд рүү заажээ.
Бадарчин “Аа, за” гээд уриалгахан нь аргагүй гараад үүргээ гаднаас чирч оруулж ирээд баруун хойт авдрын нь өмнө тавилаа. Бас л “Өргөөд аваад яв” гэсэн маягтай гараар дохисонд бадарчин босон хараймагц үүргээ авч авдар дээр нь тавиад “Арга ч үгүй л байх даа, дотроо номтой юмдаг” гэв.
Тэр айлынхан бас л “Гараад яв” гэсэн янзтай гараар зангавал бадарчин “Аваад явчих багачууд үгүй биз ээ. Би хоёр модоо гэрийн хошлонд хавчуулж орхисон” гэх зэргээр үргэлж буруу ярьсаар байгаад хоног өнгөрөөжээ.
Маргааш өглөө нь нөгөө бадарчин нь гаднаас “Явъя” гэж дуудахад нэгэнт хоног өнгөрөөсөн бадарчин даруй сонсоод гарч явах гэхэд айлынхан “Та чинь өчигдөр дүлий байсан, одоо яагаад зүгээр болов оо?” гэв.
Бадарчин “Аа! Өчигдөр баахан хийрхсэн байх аа” гэж хэлчихээд явчихав гэнэ.

0 Сэтгэгдэл: