Далай ноёны даанч тэнэг хүү

Урьд Далай засаг гэдэг нэгэн ноён их хүү Дамаадаа эхнэр болгох гэж хоньчин Доогийн цэвэр үзэсгэлэнт царайтай, цэцэн сэргэлэн, ухаалаг охин Бүжмааг гуйж хоёр хүүхдийнхээ дэрийг нэгтгэж энэ насны жаргалыг хамтатгажээ.
Тэр Дамаа нь “Даанч яав даа” гэмээр шал усан тэнэг, сармагчин мэт юмыг дуураймтгай юмсанжээ. Бүжмаа нь нэгэнт учирсан хань тул “Ухаан сэхээ оруулж өөдтэй өнгөтэй амьдаръя” гэхдээ шөнө болгон сайхан үлгэр хэлж сайныг сануулан мууг жигшүүлэхийг бодно. Нэгэн орой Бүжмаа “Далан тэнэг” гэдэг үлгэрийг ярьж өгчээ. ...Гэтэл Дамаа энэ үлгэрийг маш их сонирхон сонсч их л инээн гэрээр дүүрэн тэнгэрийн дуу болсоор унтжээ. Тэгээд маргааш өглөө эрт босч дув дуугүй мордож яваад удалгүй инээсээр ирж
“Бүжмаа, Бүжмаа, би аавын хүзүүг хуга мушгиад ирлээ” гэхэд Бүжмаа санамсаргүй “Яагаад?” гэхэд “Ингээд....” хэмээн Бүжмаагийн хүзүүг мушгиж их л инээж
“За одоо Буянтын давааны буцалмал рашаанд будаа чанаж иднэ. Сайхан өндрийн саарал чонотой шаазгай алаг ухнаа уралдуулна. За тэгвэл тэр Далан тэнэг шиг сайн эр болно хэ, хэ, хэ...” гэж ганцаараа инээн ярьсаар авдраасаа аяга будаа авч хотноос нэг ямаа хөтлөн явж буцалмал рашаан дотор будаагаа хийж “За, ямаагаа уралдуулаад иртэл энэ будаа буцлаж байг” гээд даваа давтал үнэхээр нэг чоно явжээ. Мань хүн зогсч
“Муу чоно чи шогшоод ирэхийн сонжоо байна уу, гүйгээд ирэхийн гүзээ байна уу, миний ямаатай уралд л даа” гээд ямаагаа тавьж үргээн хөөхөд ямаа үргэж чонын зүг хар хурдаараа давхижээ.
Чоно ямааг харж барьж идэхээр хөөхийг тэнэг Дамаа үзэж “Миний ямаа түрүүлэв” гэж гүйсээр очиж үзвэл гүзээ нь хэвтсэнд “Миний ямаа цатгалдаад гэдсээ орхижээ!” гээд гүзээгий нь авч явтал дөрвөн шийр нь байжээ. “Миний ямаа хөл нь халууцаад гутлаа тайлжээ!” гээд шийрий нь авч өвөртлөөд жаахан явтал бас толгой нь байжээ. “Миний ямаа толгой нь халууцаад малгайгаа орхиод явжээ!” гээд толгойгий нь бариад хөндий тал дундуур явган оджээ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: