Сахалтай бадарчин

Урьд нэг бадарчин жасаа даллагаа авахуулсан айлд ортол гэр дүүрэн хүн найрлаж байхад нь хатавчинд суугаад чанга дуугаар “Бүгдийн амрыг айлтгая” гэсэнд нэг ч хүн дуугарсангүй.
Бурханы баруун талд тэр айлын жасааг уншсан бололтой нэг том лам сууж байв. Тэр лам ихэмсгээр үүд рүү байн байн ширтэж хэлсэн нь: “Тэр үүдэнд сууж байгаа бадарчин хувраг сахалтай юм байна. Түүнийг дээш суулга” гэлээ... Бадарчин хатавчнаас хоймор өөд харж чангаар “Ай, хөөрхий! Манай тэнд санваар ахалдаг юмсан, танай энд сахал ахладаг юм байжээ. Тэгвэл, дээш суухад яах вэ дээ” гээд найрын хүмүүсийн дундуур зүтгэж явсаар том ламын дэргэд очиж суув.
Том лам “Та хаа хүрээд ирэв?” гэв.
Бадарчин “Би баруун зууд очиж ном базааж цаниад сайжруулж яваад ирлээ” гэхэд нөгөө том лам юу ч ярьсангүй, нүдээ аньж залбиран уншлагаа уншив. Өлссөн бадарчин ч юм сайн идэж гэнэ.

0 Сэтгэгдэл: