Ноёнтой ярилцсан нь

Баадай үүр цүүрээр гараад өргөн замаар шогшуулж явтал өглөө нар тусах үед голын зах дээр дөмбөгөр цагаан өргөө харагдав гэнэ. Тэнд өглөөний цай уухаар очтол гэрийн гадаа нохой ч үгүй мал ч үгүй байсанд сэмхэн гэрт орвол ямар нэгэн ноён язгууртных бололтой олбог түшлэг, тавилга болсон айл байх бөгөөд гэрийн баруун хаяанд нэг тарган эр явган суугаад зайдас шарж байхыг хараад Баадай шууд олбог дээр суугаад “Алив хөө! Зарц бос! Цай хий” гэж өндөр дуугаар хэлсэнд нөгөө хүн ихэд сэжиглэн хараад ...
“Чи доорхийгоо юу гэж бодож байна?” гэж олбог түшлэгээ заасанд Баадай
“Хөдөө байхдаа хөгшин хонины ноос
Хөх хотод ороод цэмбэ болсон юм
Оёж зүйгээд олбог болжээ” гэсэнд нөгөө ноён нь
“Чи өмнөхийгөө юу гэж бодож байна?” гэж ширээгээ заан асуусанд Баадай
“Ууланд байхдаа ургаа мод
Унасан хойноо дүнз
Зүсээд ирэхээр банз
Зүйж наагаад ширээ болсон юм” гэсэнд ноён бүр уур нь хүрч “Чи хажуудахыгаа юу гэж бодож байна хөө” гэж отго жинст малгайгаа заасанд Баадай
“Тонжоо хотынхонд бол
Тоож хэрэглэдэггүй
Тогосны хар өд
Албат олонд бол
Адгийн муу зовлон
Арчаагүй ноёнд бол
Алаг чулуун цахиур гэдэг юмаа” гэсэнд ноён бүр их уурлан хилэгнэж “Эзэн ноёны суудал дээр дур мэдэн сууж элдэв үгээр доромжилсон энэ муу бэртэгчин бадарчинг эрүү толгойгий нь салтал шаахайдаад өгье. Хүүе зарц, банз шаахай оруулаад ир!” гэж хашгирсанд Баадай ийн хэлэв:
“Ялихгүй юмнаас зодоон гарах нь
Миний муу хоёр модыг хамт оруулаад ирээрэй
Ноён хүн байтлаа хэргэм ямбаа орхиод
Нохой суудлаар явган суугаад
Цаваг доогуур зайдас мэрж суудаг нь
Засгийн ёсонд нийцэхгүй тул
Задартал нь нүдэж орхиод
Заргалдъя байз хөө!” гэсэнд ноёнтон нэгэнт ёс зөрчсөн буруугаа мэдээд “Сүүлд нь яршиг болно” гэж санахдаа Баадайд тал засан “Сайн эр” гэж нэрлээд идээ будаа, архи дарс тавьж зочилж гэнээ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: