Дүвчин бадарчин

Эрт урьд цагт нэг шалиг зантай дүвчин бадарчин айл айлаар хэсүүчлэн явдаг байжээ.
Нэг намар тэр бадарчин нэгэн хотын нэлээд баян айлд очтол “Еэ ашгүй нэг лам морилж ирлээ” гээд мөн айлын хижээлхэн авгай нохой хорьж өгчээ.
Авгай сандарч бадарчинд олбог дэвсэж өгөөд, цай чанаж өмнө нь ширээ тавин их л хүндэтгэсэнд бадарчин улам додийж дүвчин зан гарган байваа.
Айлын авгай ч бадарчинд биширч, эгээ л багш ламтан гэж нэрлэх нь дутуу байж гэнэ... Гэтэл оройхон хэрд хонь хариулж явсан 18,19 багцааны настай цэвэрхэн хүүхэн гэртээ орж ирмэгц эх нь “Хүүе, ламтанд залбирч мөргө” гэж шаардсанд хүүхэн аргагүй болоод бадарчингийн зүг тоомсоргүй алхлан очжээ.
Бадарчин зүүж яваа бурханаар адис тавихын хамт хүүхний өрөөсөн хацрыг гараар илбэж чихэнд нь “Шөнө очно шүү!” гэсэнд хүүхэн “Жа тэгээрэй! Хотны хойно” гэв.
Бадарчин тэсгэлгүй баярлан шөнө болохыг хүлээж ядан байв. Ингээд хэвтэж байгаад улс амьтны дуг нойрон дундуур сэмхэн босч чармай нүцгэн ганц улаан даалимбан тэрлэгээ нөмөрч гараад хоттой хонины хойно очтол ашгүй нөгөө хүүхэн том гэгч нь хөх ямаан дахаар хуччихсан унтаж хэвтээ бололтой. Бадарчин ч муу тэрлэгээрээ давхарлаж хучаад өвөрт нь орох гэтэл нэг том ухна босон харайж нөгөө муу тэрлэгийг нь хоёр эвэртээ өлгөөд алга болов.
Бадарчин нүцгэн хоцроод яах ч учраа олж ядан байтал хонь үхэр үргэж гэрийн хүмүүс цөм гарч “Туу” энээ тэрээ бололцон зуудаг нохойгоо тавьж хий буу бууджээ. Бадарчин сандарч тэргэн дор очиж хоргодлоо. Ийнхүү бадарчин бөн бөн чичирсээр арай гэж үүр цайлгаж харвал дардгар цагаан цан газар сайгүй унаж үхэр амгалан тайвнаар хэвтэцгээнэ.
Гэвч энэ ч ямааны эвэрт улаан даалмбаны өөдөс, тэр ч ямааны эвэрт улаан даалимбаны өөдөс харгадана. Зуудаг хоёр том нохой дөрвөн хөллөж хэвтээ бадарчинг тэрэгний хоёр талд отоод хэвтчихсэн байжээ.
Гэтэл ашгүй дэмий л их удсангүй айлын нөгөө хүүхэн босч хоёр нохойгоо дуудаж уяад хог үнсээ цэвэрлэхдээ бадарчингийн цамц, өмд, гутлыг гадаа гарган тавив.
Бадарчин сэмхэн очиж хувцсаа өмсөөд гэрт байсан үүргээ авч үүрээд нохой шуугиулан дан өмд цамцтайгаа хойт зүг ухаан зулаггүй арилж өгөв гэнээ.

0 Сэтгэгдэл: