Гахай мэргэн оточ

Эрт урьд цагт Гахай мэргэн оточ гээч нэг хүн байв гэнэ. Тэр хүн гэрээсээ ердөө нэг ч гардаггүй юмсанжээ. Нэг өдөр эхнэр нь “Чи эр хүн байна даа, гадагшаа явж газрын дээр гарвал олз олдог биш үү, нэг юманд яваач!” гэж хэлээд нэг аянчны нутаг дээр гүзээ шар тос аваачиж хаяжээ. Гахай мэргэн оточ аянчны нутаг дээрээс гүзээ шар тосыг олоод иржээ. Тэгээд “Эр хүн гадагшаа явбал юм олдог юм байна!” “Сайхан шаргал морий минь барьж эмээллэ, эрчтэй эрээн нумы минь хөвчил, Хасар Басар хоёр нохойгий минь оосорло. Донхор булган малгайгий минь өмсүүл, би гөрөөлөх минь!” гээд... нум сумаа агсаад нохойгоо хөтлөөд явжээ.
Тэгтэл нэг нүхэнд үнэг үсрээд оржээ. Гахай мэргэн оточ бууж морио тушаад нум саадгаа эмээлэндээ өлгөөд, хоёр нохойгоо морьтойгоо холбоод, донхор булган малгайгаа авч нүхий нь бөглөчихөөд хормойгоо бариад аргал түүхээр явжээ. Аргал түүж явах хойгуур үнэг гараад явчихжээ. Үнэг гараад явахдаа малгайгий нь хүзүүндээ өлгөөд давхиж, хоёр нохой нь морий нь хөтлөөд үнэгний хойноос хурдалж гэнэ. Гахай мэргэн оточ морь, нохойгүй явган, толгой нүцгэн харихаасаа айгаад ондоо тийшээ гүйгээд явжээ.
Тэгтэл нэг баян хааных тааралдаж гэнэ. Орох гэснээ ичиж нуугдаад тугалынх нь хороонд тугдайгаад л хэвтээд байж. Хааны гэрээс нэг сайхан авгай гарч ирээд шээх гэж суугаад бэлзэгээ унагачихаад гэртээ яваад орж гэнэ. Шээсий нь нэг үхэр долоож байгаад бэлзэгэн дээр нь баачихаж гэнэ. Тэгэхлээр нэг эмгэн бэлзэгтэй баасыг хашаан дээр шавчихаж. Тэгтэл тэр сайхан эхнэр өвдөж “Эрдэнийн алтан бэлзэг алга болсноос боллоо” гэлцдэг юм байна. Ингээд хатныг яаж эдгээх арга чарга эрж, тэгтэл шивэгчин эмгэн Гахай мэргэн отчийг тугалын хашаанд байхы нь олж, тэгэхлээр тэр хэлж:
“Би гайтай хүн биш ээ. Тустай ачтай хүн” гэж хэлж. Хааныд орж сандрахдаа “Хатныг чинь эдгээж өгье!” гээд хэлчихэж. За тэгээд нэг гэрт сууж “Нэг гахайн толгой авчир!” гэжээ. Гахайн толгойны махы нь идчихээд, ясан толгойгоор нь хашааны шаваастай баасыг нүдэж яваад бэлзгий нь олоод өгчээ. Хатан ч эдгэж хааныхан “Ачтай тустай хүн юу авна вэ?” гэж Гахай мэргэн отчоос асууж. “Би нэг зуун адууны ногт, нэг зуун үхрийн оосор, нэг зуун хонины хөгнө, нэг зуун тэмээний бурантаг авъя, нэг сайн шарга морь эмээлтэй хазаартай, бас нэг булган малгай, Хасар Басар нохойтой авья” гэж хэлжээ. Гахай мэргэн оточ хааныхаас хэлсэн юмаа аваад малын дээс ногт хүргэх улсаас түрүүлээд гэртээ иржээ. Эхнэр нь “За чи юу олов?” гэж.
“Би хааны хатан өвдсөнийг эдгээгээд нэг сайн шаргал морь эмээлтэй хазаартай авлаа, донхор булган малгай нэгийг авлаа, Хасар Басар нохой авлаа. Зуун үхрийн дөр, зуун адууны ногт, зуун тэмээний бурантаг, зуун хонины хөгнө авлаа!” гэж эхнэртээ хэлжээ. Эхнэр нь уурласан юм шиг орон дээрээ хэвтээд байж. Өнөө малын оосор хүргэсэн улс нь ирэхэд нь эхнэр нь “Тэр муусайн юмаа хол буулга, ойр бүү буулга!” гэж.
Юмаа хол буулгаад отчийн гэрт орцгоож “Оточ гуай яагаав?” гэж, “Ирсээс хойш уурлаад буруу хараад хэвтээд байна. Хаан хүн байтлаасаа яасан ухаан муутай юм. Зуун үхрийн дөр гэж зуун үхэр гэсэн үг, зуун адууны ногт гэж зуун адуу гэсэн үг, зуун хонины хөгнө гэж зуун хонь гэсэн үг юмаа. Та нар тэр дээсээ аваад буц!” гэж эхнэр нь хэлжээ. Нөгөө улс буцаж очоод “Оточ гуай оосор дээсийг авсангүй ээ” гээд эхнэрийн хэлсэн үгийг айлтгаж хаан үүнийг дуулаад хэлсэн малыг нь зуу, зуугаар хүргүүлжээ.
Хойно бас нэг хааны хатан өвдөж гэнэ. Түрүүчийн хаан тэр хаанд
“Манай энд Гахай мэргэн оточ гэж нэг сайн эмч байна” гэж хэлүүлж, тэгтэл хатан өвдсөн хааныхаас хүн ирж отчийг залж аваачжээ. Тэгээд ороод сууж байсан хатан нь хараад байж, Гахай мэргэн оточ ч урдаас нь ширтээд байж, тэгтэл өвчтэй байсан хатан нь нэг хар үнэг болоод ханын нүдээр гараад зугтааж. Гахай мэргэн оточ “Би ямар юм мэдэх биш, баригдахаасаа өмнө харья!” гэж бодоод гадагш гарчээ. Харанхуй шөнө гадаа гараад тэмтэрч явж. Хашааны буланд сольжир эвэртэй хайнаг байхаар нь “Үүнийг унаад харьяа байз!” гэж бодоод тэр хайнаг дээр мордоод авч, тэгтэл тэр хайнаг нь “Би байя!” гэж бархирч. Тэгэхлээр нь “Чи юунд энд байгаа вэ?” гэж асууж. “Би шулам юмаа. Энэ хааныг “Үхүүлье!” гэж бодоод байж байтал та ирээд намайг таньчихлаа. Би одоо энэ хааныг хорлохоо байя! Амь аварч та намайг хаа байхыг зааж аль!” гэж хэлжээ.
“Чи энэ эвдэрхий балгасанд ороод бай!” гэж орхиод хааныд очиж “Энэ эвдэрхий байшинг бушуухан галаар түл!” гэж хэлж. Хааныхан ч хурдхан түлчихэж. Гахай мэргэн оточ хэлж: “Танай эхнэр шулам байжээ. Таныг үхүүлэх гэж тантай ханилсан юм байна. Намайг ирэхээр айж зугтаагаад, би эвдэрхий балгасанд оруулж гал түлүүлж шатааж аллаа даа” гэж. Хаан ч “Ачтай тустай мэргэн оточ юм. Би танд юу барих вэ? Гэж.
“Би зуун үхрийн дөр, зуун адууны ногт, зуун хонины хөгнө, зуун тэмээний бурантаг авъя. Алтан шаргал морь эмээл хазаартай нь авъя!” гэж хэлээд гэртээ харьж иржээ. Тэр хааных отчийн ёгтоор хэлсэн үгийг зөв ухаж хэлсэн ёсоор малыг зуу зуугаар хүргүүлж амар сайхан жаргажээ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: