Заяын хүрээн дээр очсон бадарчин

Урьд нэг бадарчин Заяын хүрээн дээр очоод жасын их гэрт ороод суутал тэр гэрийн хойморт хоёр том лам сууж байв.
Харвал нэг нь нярав бололтой. Бадарчин, тэр хоёрын мэндийг мэдсэнд ер тоож дуугарсангүй, “Хүн ч орж ирлээ” гэж санасан янзгүй байжээ. Тэд хоорондоо “Өнөөдөр манай Зая ламтан энэ үед Богдын хүрээнд хүрч очоод л олон хүний хөл болж, яасан их үймэлдэж байгаа бол!” гэж ярилцаж суув. Тэгэхэд нь бадарчин “Танай муу хөх Заяыг Богдыг хүрээнд очиход намайг танайд ирсэнтэй яг адилхан хүндэтгэж байгаа байх даа” гэжээ. ...
Тэр хоёр ламын аль алин нь ч дуугарсангүй, нэг нь гараад явчихав. Нярав бололтой лам үлджээ. Тэр лам “Чи хаагуур явав?”
Бадарчин “Хааяагүй”
Нярав лам “Доржнялбаагийнхаар оров уу? Тэнд сайхан байгаа биздээ?” гэлээ.
Бадарчин “Доржнялбаагийнх нээрэн сайхан газар юмаа. Ганцхан гэм нь гэвэл ер зай завсаргүй. Тэр там дотор цорын ганц суудал сул байна. Түүн дээр нь сууя гэтэл “Мөдхөн нэг нярав ирнэ” гээд хавируулахгүй юм” гэжээ.
Гэтэл нярав “Та идээ будаа сайн идэж аваад яваарай” гэж хэлээд нэлээд сэжиглэсэн маягтай гараад явчихсан гэнэ.

0 Сэтгэгдэл: