Зальтай бадарчин

Урьд нэг бадарчин хол газар явсанд ер айл тааралдсангүй. Тэр бадарчин ихэд ядарч өлсч цангасаар явтал ашгүй хөдөөний ганц гэр тэртээ тэнд харагдаж гэнэ. Бадарчин магнайгаа тэнийтэл баярлан хурдан хурдан алхсаар тэр айлд ортол гэр дотор нь ганцхан авгай сууж байв гэнэ.Харвал тун баян айл бололтой ажээ. Бадарчинг ороод мэндлэж суусны дараа авгай цай, хэдэн хатуу ээзгий тавьсан тавагтай юм авч өгөв гэнэ... Тэгээд нөгөө авгай босч “Одоо удахгүй хар хүн минь ирнэ. Хоолоо хийе” гэж хэлэн эргүүлэг дээр байсан том тогоотой хуучин шөлийг авч гал дээрээ тавиад атга хүрэхгүй цагаан будааг нөгөө далай шиг их шөлөн дотор чулуудчихаад суужээ.

Бадарчин “Энэ айлын мал нь оторт яваад эхнэр хар хүн хоёр гэртээ байгаа юм байх даа. Энэ авгай ч бузгай харамч хайрхан юм даа. Яаж үүнийг нь энэнд мэдэгдье дээ байз” гэж бодолхийлэн сууж байв гэнэ.

Тэгээд гэнэт “Хээн” гэсэнд нөгөө авгай “Яав?” гэжээ. “Үгүй зүгээр, юм гэж хачин байх юм даа. Газар газрын будаа буцлах нь хүртэл тэс өөр юм даа. Манай тэндэхийн будаа буцлахдаа “Чи цаашаа, би наашаа” гэж чихэлдэн буцалдаг юм. Гэтэл танай эндэхийнх буцлахдаа “Хөөе, хөөе! Чи хаана байна, би хаана байна” гэж дуудалцаж их шөлөн дотор сарниж гүйцсэн будаа бие биеэ олохгүй төөрөлдөн хашгирахыг би олж сонсоод л гайхаж суухдаа “Хээн” гэж дуугарчихлаа” гэсэнд нөгөө авгай жуумалзаад дахин будаа нэмж хийсэн гэдэг.

0 Сэтгэгдэл: