Ууль яагаад шөнө дуугардаг болов?(Хятад)

Нэгэн өдөр ойн эрээн тагтаа зөрөг замаар зугаалан явж байтал өөвгөр ууль том боодол юм үүрсэн явж тааралдав.

- За хаачих нь вэ эгчээ? гэж тагтаа асуусанд Ууль:
- Би нутаг сэлгэхээр шийдлээ. Би баруунтайд тун том, сайхан хонгилд байсан. Тэнд хулгана, мэлхий хичнээн л иднэ, дураараа байлаа. Харин тэр дорно зүг ойн захад ямар байдгийг би мэдэхгүй юм. Муу байх вий гэж айж байна гэв.



- Тэгвэл юунд нутаг сэлгэх гээ вэ? гэхэд:
- Яая гэхэв дээ, миний дуу хоолой хүмүүсийн уур хүргээд байх юмаа. Дуугий минь сонсмогц тэд дахиад л чарлаж, хяхтнаж гарлаа. Ямар зэвүүн муухай дуу вэ,чихээ таглахаас горьгүй нь гээд дор бүрдээ хараах юм.Хүүхдүүдийг нь яана, нэг удаа золтой л хөлийг минь бяц цохичоогүй шүү! Тэгээд л өтөлсөн хойноо өссөн төрсөн нутгаа хаяж, дуулж сурсан дуу хоолойгоосоо салахгүйн тулд ингэж яваа нь энэ шүү дээ гэж ууль их л гомдонгуй үглэнэ.

- Эгч гуай үнэхээр таны дуу хоолой тийм зэвүүн юм гэж үү? гэж тагтаа асуухад:
- Яалаа гэж дээ миний хоолой бол сайхан, эрмэг хоолой юм шүү гэж Ууль хэлээд, чи сонс л доо гэнгүүт амаа том ангайн дөжиртөл У-гу- у, Ух-у-ух хэмээн бахирав. Тагтаа цочиж огло үсрэв.

- Аяа, таны дууч нээрээ сүртэй чанга юм байна. Харин эгч минь таньд л гэж зөвлөхөд, дэмий нутаг сэлгэх гэж явна. Таны дуу хоолой чинь баруунтайгаас зүүнтээ очоод илүү таашаагдахгүй. Тэгэхээр өөр янзаар дуулж сурвал дээр биз дээ гэж тагтааг хэлэхэд Ууль бодож бодож хэлсэн нь:

- Чиний хэлдэг үнэн байх дуугаа л өөрчлөхийг хичээе гээд Ууль хуучин нутагтаа очиж хонгилдоо оржээ. Түүнд дуу хоолойгоо өөрчлөх нь үнэхээр хэцүү ажээ. Ууль дуугаа чанга сул, урт богино, нарийн бүдүүн янз янзаар өөрчлөн оролдож дуулавч тэр бүгд нь нэг л хэвтэй байв. Түүний дуу хоолой өөртөө л таалагдаж, бусдад ер таалагдсангүй гэнэ. Тэгээд Ууль хамаг амьтан шөнө дуг нойрондоо байхад нь дуугардаг болсон гэдэг! Үүнээс өөр арга алга даа.


Цааш нь...

Нар, сар хоёр(Дагомей)

Эрт урьд цагт нар сар хоёр садан төрөл учир саахалт холбоо аж төрөн амьдардаг байж гэнэ. Сар нэг өдөр Нарандаа хэлсэн:

- Хоёулаа хүүхдүүдээ дэлхийд буулгая. Газар үзэж нүд тайлаг гэж хэлжээ. Нар түүнийг зөвшөөрч гэнэ. Сар хүүхдээ нуучихаад уут дүүрэн чулуу түүж аваад болзсон өдөртөө Наранд очжээ. Сарны санаа муутайг Нар мэдсэнгүй. Нар хүүхдүүдээ хүүдийд хийж дэлхий рүү хаяхад бэлтгэв. Эхлээд сар ууттай чулуугаа дэлхийн нэг том мөрөн рүү хаяж, араас нь Нар хүүдийтэй хүүхдүүдээ шиджээ. Ингээд Нар Сар хоёр гэр гэртээ харихаар явцгаажээ.

Өдөр өнгөрч орой болмогч Нар амрахаар хэвтэх гэж байтал Сар хүүхдүүдээ дагуулаад тэнгэрт гараад ирэхийг нар харжээ. Нарны уур хүрч, Сарыг барьж аваад яагаад хууран мэхэлж хүүхдүүдийг минь дэлхийд хаяуулсаныг асуужээ. Сар хариуд нь:

- Чи бол хэн бүхнээс хэтрүү их чадалтай байна. Хэрэв хүүхдүүд чинь өсөж том болоходп хүч чадал чинь бүр ч гаарна. Тэгэхлээр чиний хүүхдүүд дэлхийн усанд очиж загас болог, хүмүүс загас барьж хооллож байг гэж хэлсэн гэнэ.

Түүнээс хойш сар нар хоёр садагнахаа больж саахалт хоршоо амьдрахаа зогсоод, хол хол замаар хувь хувьдаа аж төрөх болсон агаад Нар бол үнэнч шудрага байдагтаа өөрийн элч эрдэм чадал хэвээр үлдэж, бусдыг хар буруу санаагаар хууран мэхэлж залилсан Сар эрдэм чадал мөхөс дутуу болсон гэнэ.


Цааш нь...

Амбе, Рамбе гэдэг ах дүү хоёр хулгана(Энэтхэг)

Нэгэн том байшинд нэг муур амьдардаг байв. Энэ байшинд олон хулгана байдаг. Муур тэдгээр хулганаас барьж идэж ихэд цатгалан амьдарна. Цаг үе өнгөрч муур ихэд хөгшрөн хулгана барьж идэх чадал тэнхээгүй болжээ. Хэрхэн яаж хоол олж идэх тухай болдож бодож эцэст нь хулгануудыг дуудаж хэлсэн нь:

- Хөөрхөн хулгануудаа та нарыг дуудсан учир бол, би та нарын өмнө их нүгэл хийсэн их буруутан гэдгээ хүлээх гэсэн юм. Энэ тухай хэлэхэд үнэхээр ичмээр боловч яая гэхэв. Үүнээс хойш та нарт ямар ч гэм хийхгүй ээ. Та нар надаас айлгүй дураараа зугаалж байгтун. Харин та нараас гуйх нэг зүйл байна. Юу гэвэл хөөрхөн хулгана та нарыг би өдөр бүр харж байхгүй бол надад нэн уйтгартай байдаг юм. Тиймээс хулганууд та нар өдөр бүр миний дэргэдүүр цувран өнгөрч намайг саатуулж байвал би их баярлахсан. Надаас ер айх явдалгүй гэжээ.

Муурын энэ үгийг сонсоод хулганууд, муур гуай ямар нэг аюул учруулахгүй боллоо. Үүнээс хойш энх сайхан амьдрах болно гэж баярлан муурын саналыг зөвшөөрчээ. Муур байшингийн нэг буланд сууж хулганууд дэргэдүүр нь цувран өнгөрөхдөө Муур гуайн амрыг айлтгая! Хэмээн бөхийн ёсолж цувран одно. Тэгэхэд нь муу санаат муур хамгийн сүүлийн хулганыг барьж иддэг байж. Ийнхүү хэдэн өдөр хоолтой байж гэнэ. Анхны үед муурын энэ залийг хулганууд ер мэдэхгүй байв. Гэтэл энэ хулгануудын дотор Амбе, Рамбе гэдэг нэртэй найз хоёр хулгана бидний тоо яагаад цөөрөөд байна вэ? гэж гайхан хоорондоо зөвлөлдөж үүний учрыг олохоор арга зохиож муурын дэргэдүүр явахдаа хамгийн түрүүнд Рамбе хамгийн сүүлд Амбе явахаар шийдэж бие биеэсээ дуудаж байхаар болжээ. Рамбе муурын дэргэд ирж амар мэндийг нь эрж цааш явахдаа АмбеД

- Найзаа чи хаана явна? гэж дуудахад, Рамбе:
- Найзаа би энд байна шүү хэмээн хамгийн сүүлээс хашгиран Рамбе Амбег хүлээж зогсон хамт цааш явав. Муур Амбег барьж идэж чадсангүйдээ хорсож ихэд уурлан өлөн хоосон хонов.

Маргааш энэ мэтээр Рамбе, Амбе хоёр түрүү сүүл хоёрт явав. Муур бас л хулгана барьж чадсангүй хонов. Ингээд хэдэн өдөр өл хоолгүй өлсгөлөн муур тэссэнгүй нэг өдөр хамгийн сүүлийн хулгана Амбе руу ухасхийхэд урьдаас болгоомжтой явсан Амбе болон бусад хулганууд тал бүрт зугатан нүх сүв рүү орж явчихав. Зальт муурын хууран мэхлэх санааг мэдсэн хулганууд дахин гарч ирсэнгүй. Муу санаат муур ч идэх хоолгүй өлсөж өлбөн турж үхжээ. Түүнийг үхсэнээс хойш тэр байшинд хулганууд амар жимэр аж төрөх болсон ажээ.


Цааш нь...

Бүргэд яагаад халзан болсон бэ?(Бирм)

Эрт урьд цагт бүргэд ихэд номхон шувуу байв. Тэр үед бүргэдийн өд сөд нь хатуу бөгөөд өтгөн шигүү, харин толгой нь ширхэг ч үсгүй халзан байжээ. Бүргэд нэг өдөр нуурын тунгалаг усанд өөрийнхөө дүрсийг хараад ихэд уурлан хилэгнэж өдөр бүр бурханд очиж намайг яагаад халзан болгочихсон юм бэ гэж гомдол мэдүүлдэг болжээ.

Бүргэд гомдсон тэр уурандаа идэж уухаа больж цаг мөч бүр улам турсаар байв. Энэ үед бусад бүх шувууд бүргэдийг хайрлаж шувууд өөрийнхөө өднөөс нэг нэгийг бүргэдэд бэлэглэжээ. Тэр янз бүрийн өдийг бүргэд аваад толгой, хөл бүх биеэрээ алаглуулж шувуудын дотроос хамгийн сайхан шувуу болсон гэнэ. Тэгээд нэгэн өдөр бүргэд нөгөө тунгалаг уст нуурандаа очиж дүрсээ хараад ихэд баярлан бардам дээрэнгүй болов.

Бүргэд нэг ойгоос нөгөөд уул ус дамжин нисэж өөрийгөө хамгийн гоё сайхан шувуу гэх сайрхан бардамнаж бусад шувуудыг “чи ямар муухай юм бэ?” “чамд ямар цөөхөн өд байдаг юм бэ?” “чамайг харахад эрэмдэг юм шиг бузар муухай харагдаж байна” гэх мэтээр доромжилдог болжээ. Бүргэд өдөр ирэх тутам эрхэмсэг бардам омог дээрэнгүй болсоор байв. Сүүлдээ бүргэд өөрийгөө жигүүртний хаан гэж нэгэн өглөө зарлаад:
- Энэ мөчөөс эхлэн бүх шувууд надад захирагдаж, миний юу хүссэнийг үг дуугүй биелүүлж байх болно! гэж гэнэ. Бүх жигүүртнүүд бүргэдийн үгийг сонсоод зэвүүрхэн хилэгнэж ухасхийн дайраад өөрсдийн урьд бэлэглэсэн өднүүдээ буцааж авав. Далимд нь бүргэдийн өд ч олон олноороо сугаран хаягджээ. Тэгсэн чинь бүргэд урьдхаасаа бүр муухай, нэвсгэр юм болсон ажээ. Тэгээд зөвхөн бүргэдийн толгойд нь төдийгүй хүзүүнд нь ч үс үлдсэнгүй аж.

Тэр цагаас хойш бүргэд халзан болсон гэдэг. Бүргэдийн нүдэнд ямар нэгэн шувуу л харагдвал өшөө авахын тулд түүн рүү довтолдог болсон гэнэ. Бусдын тусыг усаар хариулж ихэмсэг дээрэнгүй болно гэдэг мөн ч хортойяа.


Цааш нь...