Маргаашийг хайсан нь(Бразил)

Урьд нэгэн хүн холын аянд гараад явж байтал нар жаргаж харуй бүрий болов. Цааш явтал замын ойролцоо нэг бяцхан сууцнаас галын гэрэл гарч байхаар нь очиж танайд хоноод явъя гэжээ. Гэрийн эзэд зөвшөөрсөн төдийгүй, хоол цай өгч зочилжээ. Гэтэл оройн хоол идмэгцээ тэднийх гэр бүлээрээ ямар нэгэн юманд явахаар яарч сандран бэлдэв гэнэ. Ирсэн зочин:
- Таминь, энэ орой болсон хойно хаачихна вэ? гэсэнд тэд хариулсан нь:
- Бид маргааш өдрийг олохоор явна гэв. Юу хэлж байгаагын учрыг эс олсон зочин ихэд гайхан, гэрийн эзэн рүү ширтэнэ. Гэрийнхэн явахад бэлэн болмогцоо дор бүрдээ хоосон шуудай авцгааж гэрээс гарч явахдаа хамгийн түрүүнд аав нь дараа нь ээж нь, хойноос нь хүүхдүүд нь түүний араас өвөг эцэг, эмэг ээж нь цувран явжээ. Ийнхүү агшин зуур тэдний гэр хов хоосон болмогц нөгөө зочин бодож суусанаа тэдний араас гарч одов.
Тэд явсаар.... хав харанхуй шөнө болов. Ингэж явтал үүр цаймагц тэд гэрэл гэгээг хоосон шуудайдаа хийж амыг нь боогоод буцацгаажээ. Тэднийг гэртээ эргэж ирэхэд бүр өдөр болсон байв. Зочин ч тэдэнтэй хамт гэрт нь ирж бүх учрыг мэдэж аян замдаа гарав. Тэгээд хэд хоногийн хойно аянаас буцах замдаа тэднийд ирэхдээ нэг азарган тахиа бэлэглээд хэлсэн нь:
- Та нарыг дандаа маргаашийг эрж олохоор явж байхгүйн тулд би тахиа авчирлаа. Энэ тахиа бол танайд маргаашийг ирүүлж байх болно. Тахиагаа шөнө өндөр газар байрлуулж байгаарай. Тахиа үүр шөнөөр анх дуугарах нь өдөр болох болоогүй гэсэн дохио, хоёр дахь дуугаралт нь өдөр болж буйн дохио, гурав дахь дуугаралт нь бүр өдөр болчихсоны дохио юм шүү гэв.
Тэр гэрийнхэн тахиаг сонирхон ажиглацгаана. Тахиа үе үе Го-го-го гэж дуугарахад нь тэд бишүүрхэн айж дөлсхийнэ. Харин гэрийн эзэн ийм том бэлэг авсандаа сэтгэл хангалуун эхнэртээ хэлсэн нь:
Эхнэрээ бид одоо маргаашийгаа шуудайд хийж ирэх гэж тэр хол тэнэж явах хэрэггүй боллоо гэв.
Ирсэн зочин ч гэрийхэнтэй салах ёс гүйцэтгээд ирсэн замаараа буцжээ. Зочныг яваад нилээд удсан хойно тэр айлын авгай нөхрөө дуудан:
Хүүе, бид нэг юм мартжээ. Энэ тахиа юу идэж уудгийг асуусангүй байна шүү? Гэхэд нөхөр нь тэр даруй нөгөө зочны хойноос хурдлав. Арайхийж гүйцэж очоод: Зогсоорой зогсоорой найзаа тэр тахиа юу идэж уудаг амьтан бэ? хэлээд өгөөч гэхэд нөгөө зочин:
Тэр чинь юм бүхнийг иддэг юм гэхээс өөр юу ч дугарсангүй цааш яаран одов. Гэрийн эзэн үүнийг сонсоод дотрооо залбирч эргэж гэртээ хурдан ирээд гайхсан, айсан сандруу дуугаар:
Ээ авгай минь бидэнд ямар гай тохиолдох нь энэ вэ? Бурхан биднийг өршөөг энэ тахиа юм бүхнийг идчихдэг юм гэнэ. Тэгэхлээр одоо яах вэ? Бид бүгдийг идэх нь! Гэхэд эхнэр нь бүр цөхрөнгөө баран айж:
- За нөхөр минь амьд мэнд дээрээ бушуухан цааш нь харуулая гэв. Тэгээд гэр бүлийн бүх хүмүүс гарт дайралдсан бүхнээр хөөрхий муу тахиаг зодож нүдэн хөөв.
Тэр цагаас хойш замын хажуугийн тэр гэрийнхэн шөнө болмогц маргаашийгаа олж ирэхээр шуудай барин урьдын адил явцгаадаг болжээ.
Харин тахиа алс холын нэгэн тосгонд очиж, тэр газартаа маргаашийг дуудан ирүүлж амар сайхан жаргах болсон гэдэг.

0 Сэтгэгдэл: