Бэтгэлжин бор шувуу

Эрт урьд цагт нар сая мандаж навч сая дэлгэрч төр сая тогтож түмэн сая хурж байхад Бэтгэлжин бор шувуу гэж байж гэнэ. Тэр шувуу өвлийн хүйтэнд өлсөнө гэж, хаврын хатууд харшина гэж хайртай бэтгэ гүеэндээ чимх будаа чихэж атга будаа агуулсан юм байжээ. Тэгээд нэг өдөр тэнгэрт нисч ядраад харгана сондуул дээр суутал хайртай бэтгийг нь хагалчих гээд хатгаад байж гэнэ. Тэгэхлээр нь “Чамайг тэгвэл ямаагаар идүүлнэ дээ” гэж харганыг занаад ямаанд очиж “Ямаа гуай ямаа гуай, харгана сүндуул хайртай бэтгийг минь хагалчих гээд байна. Харганыг та идээд өгөөч!” гэж гуйж гэнэ.
Гэтэл ямаа “Чиний хатсан харганыг идэх байтугай шимтэй ногоогоо идэж барахгүй яая гэж байна” гээд тоосонгүй гэнэ. Тэгэхлээр нь Бэтгэлжин бор шувуу “Чамайг тэгвэл чоноор идүүлнэ дээ” гэж ямааг занаад чононд очиж “Чоно гуай, чоно гуай! Харгана сондуул хайртай бэтгийг минь хагалчих гээд байна. Харганыг хар ямаа идэж өгөхгүй байна. Хар ямааг та идээд өгөөч!” гэж гуйжээ.
Тэгтэл чоно “Чиний туранхай ямааг идэх нь байтугай тураг гөрөөсөө яаж идэх билээ гэж явна” гээд тоосонгүй гэнэ. Тэгэхлээр нь Бэтгэлжин бор шувуу “Чамайг тэгвэл анчнаар алуулна даа” гэж чоныг занаад анчин хар хүнд очиж “Анчин гуай, анчин гуай! Харгана хайртай бэтгийг минь хагалчих гээд байна. Харганыг хар ямаа идэж өгөхгүй байна. Хар ямааг хөх чоно идэж өгөхгүй байна. Хөх чоныг та хөөгөөд намнаад өгөөч!” гэж гуйжээ.
Тэгтэл анчин “Гуриатсан чоно хөөцөлдөх нь байтугай гуу жалгын гөрөөсөө намнаж чадахгүй явна” гээд бас тоосонгүй гэнэ. Тэгэхлээр нь Бэтгэлжин бор шувуу “Хулганаар чиний хувцсыг чинь ноолуулж хорлоно доо” гэж занаад хулганад очиж “Хулгана гуай, хулгана гуай! Харгана хайртай бэтгийг чоно идэж өгөхгүй байна. Хөх чоныг анчин хөөж намнаж өгөхгүй байна. Анчин эрийн хувцсыг чи ураад ноохойлоод өгөөч!” гэж гуйжээ.
Тэгтэл хулгана “Гөрөөчний дээл ноохойлох нь байтугай хөеөгөө яаж хураая гэж ядаж явна” гээд тоосонгүй гэнэ. Тэгэхлээр нь Бэтгэлжин бор шувуу “Чамайг тэгвэл хургачин хүүгээр алуулна даа” гэж хулганыг занаад хургачин хүүд очиж “Хургачин хүү, хургачин хүү! Харгана сондуул хайртай бэтгийг минь хагалчих гээд байна. Харганыг хар ямаа идэж өгөхгүй байна. Хар ямааг хөх чоно идэж өгөхгүй байна. Хөх чоныг гөрөөчин хөөж намнаж өгөхгүй байна. Гөрөөчний дээлийг хулгана ноохойлж өгөхгүй байна. Хулганыг чи хувин ус цутгаад алаад өгөөч!” гэж гуйжээ.
Гэтэл хургачин хүү “Хулгана зурамтай хөөцөлдөх нь байтугай хурга ишгээ хариулж гүйцэхгүй яая гэж явна” гээд тоосонгүй гэнэ. Тэгэхлээр нь Бэтгэлжин бор шувуу “Чамайг тэгвэл ааж ээжээр чинь зодуулна даа” гэж хургачин хүүг занаад аав ээжид нь очтол тэднийх эсгийгээ хийх гээд унгасаа савж байжээ.
Бэтгэлжин бор шувуу аав ээжид нь очоод “Харгана сондуул хайртай бэтгийг минь хагалчих гээд байна. Харгана сондуулыг хар ямаа идэж өгөхгүй байна. Хар ямааг хөх чоно идэж өгөхгүй байна. Хөх чоныг гөрөөчин эр алаад өгөхгүй байна. Гөрөөчний хөдсөн дээлийг хулгана ноохойлоод өгөхгүй байна. Хулганыг хургачин хүү чинь алаад өгөхгүй байна. Хургачин хүүгээ нэг сайн зодоод өгөөч! Гэж гуйжээ.
Тэгтэл хүүгийн аав ээж хоёр “Тархигүй хүүхэдтэй хөөцөлдөх нь байтугай тараасан унгасаа савж амжихгүй яая ийе гэж байна” гээд тоосонгүй гэнэ. Тэгэхлээр нь Бэтгэлжин бор шувуу “Тэгвэл та нарын унгасыг чинь уул талаар нэг болгоно доо” гэж занаад салхи гаргахаар шийдэж Болзоотын бор толгой дээр гараад байдаг чадлаараа исгэрэн жиргэж гарчээ.
Тэгтэл салхи шуурга дэгдэж савсан унгасыг хийсгэжээ. Ингээд хүүгийн аав ээж хоёр Бэтгэлжин бор шувуунд очиж “Салхи шуургаа намдааж өгөөч, бид хургачин хүүгээ зодоод өгье” гэж амлажээ. Хургачин хүүг “Хулгана алж өг” гэж зодох болсонд хургачин хүү “Хулганыг алаад өгье” гэж амлажээ. Хургачин хүү хулганыг алахаар очиход хулгана “Гөрөөчний хөдсөн дээлийг ноохойлоод өгье” гэж амлажээ. Хулгана гөрөөчний дээлийг ноохойлох болоход гөрөөчин эр “Хөх чоныг хөөж намнаж өгье” гэж амлажээ. Хөх чоныг гөрөөчин хөөж алах болоход чоно “Хар ямааг би хага татаад өгье” гэж амлажээ. Хар ямаа харгана сондуулыг идэхээр очиход харгана сондуул “Бэтгэлжин бор шувууны хайртай бэтгийг би хагалахаа байя” гэж ам тангаргаа өгчээ. Тэгээд Бэтгэлжин бор шувуу хайртай бэтгээ хамгаалж чадаад амар сайхан жаргав гэнэ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: