Чоно яагаад арьсаа хуулуулав?(Солонгос)

Араатны хаан Бар айхавтар өвдөж нүхэндээ ёолохыг нь хөвч тайгын захад хэвтсэн хөөрхөн бор туулай сонсож тэсэж ядаад дэлдэн хоёр чихээ дэлгэн, дэгдэн дэгдэн түгшүүр заралжээ. Бар хааныгаа балагт өвчинөөс салгах гэж бусад ар араатан дор дороо эм эрсэн боловч олсонгүй.
Өвчин улам улам даамжиран өдөр цагаа хүлээсэн мэт дорджээ. Нэгэнт ингэж туйлдсан учир эзэн хаантайгаа эцсийн салах ёс гүйцэтгэхийг Бар хааны нэгдүгээр орлогч чоно гуай ой тайга, уул талын хамаг ан араатанд хандаж зарлиг буулгажээ. Өдөржин шөнөжин Бар хааны ордонд багтаж ядан чихэлдэж салах ёс хийн түүнд түргэн эдгэрэх бэлэг дэмбэрэлт ёрөөл үлдээнэ. Гэтэл улбар шар үнэг л ирсэнгүй. Чоно үнэгэнд урьдын хадгалсан өш хонзонтой юм байж. Зальт үнэг чоныг олон удаа мэхэлж "Орог саарал орлогч сайд гуай олиггүй муу нохойтой адилхан чи" гэж доромжилсоноос хойш зальт муу үнэгийг заавал би нэг чадна даа гэж боддог болжээ. Тэгтэл энэ удаа завшаан бол Бар хаанд хэлсэн нь:
- Хүчирхэг их эзэн минь таны лагшин чилээрхүү байгааг бүх ан араатан цөм мэдэж хүрэлцэн ирцгээж танд аз жаргал, түргэн эдгэрэх ёрөөл тавиад буцлаа. Гэтэл гагцхүү үнэг л ирсэнгүй. Энэ бол хүчит их эзэн таныг хүндлэхгүй, доромжилж ихэрхсэн өөдгүй амьтан гэж ховложээ.
Бар сонсоод ихэд уурлан "зальт үнэгийг дууд" гэжээ. Чоно:
- Шударга журамт эзэн минь зальт үнэгийг зарлигаар цаазлах нь зүйтэй шүү гэсэнд Бар:
- Одоохон дууд! Хэдэр муу үнэгийг хэдэн хэсэг тасдаад хаячихъя гэж занажээ.
Чоно баярлан, үнэгийг олж ирэхээр ойд оджээ. Харин Бар хааны өргөөны дэргэд бут сондуул дотор үнэг хэвтэж чонын яриаг чагнадаг байсан учир саяхан тэдний ярилцсаныг бас л сонсож байжээ. Чоно яаран сандран балар их ой тайга руу бараагүй одсон хойно үнэг босож, бар хааны ордонд орж ирээд амар мэндийг нь асуун ам хамрыг нь долоох шахам долигножээ.
- Өдий хүртэл миний мэнд амрыг асууж сайн сайхан ерөөл тавихгүй яасан их зантай үнэг вэ чи? Хэн чамайг авчирсан бэ гэж зандран асууж гэнэ.
- Гэгээн их хаантан минь өршөө! Бүх ан араатан танд хүрэлцэн ирсэн боловч өвчний тань эдгээх өчүүхэн ч эм авчирсан нь үгүй билээ. Таны дуулгавартай зарц би эзэн хаан таныгаа аюулт өвчнөөс салгахсан гэж хорвоо дэлхийг хэрэн тэнэж хоног сарыг элээсээр яваад ингэж удлаа гэв.
Үнэгний ярьсныг Бар сонсоод үнэхээр баярлан:
- За яахав хэзээ эдгэрэх нь вэ? хэлээд аль хэрэв чи хэлснээрээ эмчлээд эдгэрвэл би чамайг нэгдүгээр орлогчоо болгоно гэж хэлжээ.
- Эзэнтэн минь, би энэ дэлхийн олон олон эмч нартай уулзлаа. Энэтхэг газрын нэр цуутай нэгэн эмч надад хэлсэнээр бол саяхан алсан чоны арьсыг дэвсэж арван шөнө унтахад л аюулт өвчин арилаад аварга хүчит эзэн та энх мэнд болох юм байна гэжээ. Ингэж хэлээд зальт үнэг нялганан нахилзаж Барын өрөөнөөс гарчээ. Бар зарлиг буулгаж бачит чоныг алаад арьсыг дэвсэж арав байтугай хоносон боловч эдгэрсэнгүй. Энэ завсар үнэг ой тайгаас нүүж өөр газар очсон гэнэ.
Араатны хаан Бар аргат шар үнэгэнд залилуулснаа мэдэж, занаж зүхсэн боловч нэгэнт хожимджээ. Ингээд бачит саарал чоно баларсан түүхтэй гэнэ. Түүнээс хойш хэн бусдыг гүтгэн хилсдүүлбэл өөрөө арьсаа хуулуулдаг болсон гэдэг.


Цааш нь...

Гаргүй хүүхэн

Урьд нэгэн их далайн хойд талд нэг хааных байжээ. Тэр хааных арван таван настай гүнжтэй юмсанжээ. Тэр гүнж нь нар салхи үздэггүй, шилэн байшинд эрх дураараа суудаг юм байжээ. Мөн далайн урд талд өөр нэг хааных байдаг юм байжээ. Энэ хааных арван таван настай хүүтэй юм байжээ. Тэр хүү нь далайн арлын цэцэрлэг дунд байшинтай, тэндээ ном үзэж эрдэм сурч байдаг юм байжээ.
Нэг өдөр хойд талын хаан гурван жилийн албанд явжээ. Явахдаа хатандаа “За, миний охиныг сайн авч байгаарай! Би гурван жил болоод ирнэ” гэжээ.
Тэр хатан хааны охины хойт ээж юм байжээ. Тэгээд тэр гүнжид нь их дургүй, үргэлж хорлохыг бодож байдаг юм санж. Тэгсэн чинь нэг өдөр хааных будаагаа хурааж байсанд будаан дотроос нэг том оготно гарчээ. Тэр оготныг авчирч хатанд үзүүлсэнд түүнийг алуулж үүдэн шүдий нь хуга цохиж аваад хадгалжээ. Тэгээд байж байтал гурван жилийн хугацаа дүүрч хаан албанаас ирж “За миний охин сайн уу?” гэж хатнаасаа асуусанд хатан нь “Сайн л юм байх даа! Чиний охиноос ийм шүдтэй юм гарсан шүү дээ!” гэж өнөөх оготны шүдийг гаргаж хаанд үзүүлжээ. Хаан түүний нь үзээд их уурлаж, охиноо дуудуулж ирүүлээд үхэр тэргэнд ачаад хоёр хүнээр хөтлүүлээд явуулжээ.
Хаан өөрөө сэлмээ билүүдэж аваад хойноос нь далайн зах дээр очоод, охиноо тэрэгнээс буулгаж алах гэжээ. Тэгэхээр нь охин уйлж ааваасаа “Амь авар” гэж гуйжээ. Аав нь алахаа байгаад хоёр гары нь тас цавчаад орхижээ.
Гүнж хоёр гаргүй болсноосоо гутраад “Далайн усанд орж үхье” гэж өнхрөөд ус руу орсонд харин живсэнгүй, далай дээгүүр хөвөөд урсаж явжээ. Тэр хүнийг уснаас татаж гаргаадахсанд хоёр гар нь мөрөөрөө байхгүй ийм хүүхэн байжээ. “Чи юун хүн бэ?” гэж асуусанд “Манай эцэг намайг алах гэв. Миний амь гуйхад зөвхөн хоёр гарыг минь тас цавчаад орхисон юмаа. Тэгээд би усанд орж үхнэ гэсэн чинь үхсэнгүй, харин хөвөөд урсаж явна” гэжээ. Тэр хааны хүү, хүүхнийг байшиндаа оруулж гарынх нь шархыг эмчлүүлж эдгээгээд тэр хүүхэнтэй суужээ.
Тэгсэн, нэг өдөр зар ирж: “Эзэн хааны баруун гарынх нь түшмэд нас барсан, тийм учраас хүүтэй хаан бүхний хүүхдийг цуглууж шалгалт хийнэ” гэжээ. Тэгээд хааны хүү эзэн хааны шалгалтад явж шалгуулаад тэнцэж эзэн хааны баруун гарын түшмэлээр суужээ. Тэр хүүгийн явахад гаргүй хүүхэн гэдсэндээ хүүхэдтэй байжээ. Тэгээд хүүхдийг нь гарснаас хойш гуван жил болсон хойно хааны хүү хэдэн сарын хугацаагаар гэртээ харих болжээ. Тэгээд “Би тэр сарын төдний өдөр гэртээ харилаа” гэж буухиа бичиг явуулжээ. Тэр бичиг авч яваа хүн замдаа нэг айлд буужээ. Тэр айлд нэг хятад, нэг хүүхэн хоёр байжээ. Хоёулаа эвлээд өнөөх хүнд архи өгч унагаагаад бичгий нь авч үзсэн нь эзэн хааны баруун гарын түшмэдээс хоёр гаргүй эхнэртээ бичсэн бичиг байв. Тэгсэн өнөө хятадын эхнэр нь хоёр гаргүй хүүхний хойт эх байсан хүн байжээ. Тэгээд боджээ: “Үгүй, хоёр гаргүй хүүхэн гэх чинь вэ? Энэ өнөө хүүхэн байж магадгүй шүү! Үүнийг солиод биччихье!” гээд “Гаргүй хүүхнийг намайг очихоос урд цөл!” гэж бичээд бичгийг хуучин янзаар нь тавьж орхижээ. Бичиг авч явсан хүн босч яваад хааныд хүрээд бичгий нь өгчээ. Хаан уншаад их уурлаж
“Ямартаа уснаас аваад ямартаа цөл гэдэг юм! За, юу ч гэсэн эхнэрий нь хүүхэдтэй нь цуг Заятайн ганц сүмд аваачиж орхиё.Хүүг ирэхээр арга хэмжээ авъя” гэж бодоод гаргүй хүүхнийг хүүхэдтэй нь Заятайн ганц сүмд аваачаад буцжээ. Хүүхэн үлдээд боджээ.
“Намайг хуурч энд орхиод л хойноос минь ирж алах байх!” гээд хүүхдээ үүрээд явж орхижээ. Тэгсэн нэг өдөр хүү гэртээ ирж хаан аав нь уурлаж хүүгээ алах гэсэнд хүү үнэн учраа хэлжээ. “Тэгвэл буухиа бичиг хүргэсэн хүнийг дуудуулж асуух хэрэгтэй” гээд тэр хүнийг ирүүлээд буухианы хүн хэлж “Тийм айл дайрсан” гэжээ. Тэгэхээр хятад, хүүхэн хоёрыг барьж авчраад асуусанд тэр хоёр аргагүй бичиг сольсноо хэлжээ. Тэгэхээр нь хүүхний толгойг аваад хятады нь таяг мод тулуулж усгүй говьд цөлжээ. Тэгээд Заятайн ганц сүмд эхнэрээ авах гэж очсонд эхнэр нь алга болчихсон байжээ.
“За одоо нэгэнт алга болчихсон хойно яах вэ дээ! Харин нэг хоёр сар үгүй хоосонд өглөг өгье!” гэж бодоод хотол хошуугаараа зар тараажээ.
Түүнийг гаргүй хүүхэн дуулаад “Тэр өглөгт очих юм бол сайн л юмсан даа. Ганц намайг тэр даруй таньж орхино биз дээ!” гэж бодоод хүүхдээ үүрээд далайн захаар явжээ. Тэгсэн нэг өдөр ам нь их цангаж ус уух гэсэнд намхан эрэгтэй газар ер нь дайралдахгүй байв. Тэгээд ядахдаа “Дүүрсэн хэрэг” гэж, хүүхдээ нэг газар суулгаад өөрөө эргэн дээрээс ус руу тонгойжээ. Тэгсэн яах ийхийн чөлөөгүй ус руу уначихжээ. Тэгсэн унасан талын гар ургаад ирэх шиг болжээ. Хүүхэн босоод үзтэл өрөөсөн гар нь бий болчихсон байв. Тэгэхээр нь хүүхэн баярлаж дахиад тонгойж, нөгөө талаараа унаад орхисонд тэр талы нь гар ургажээ. Хүүхэн хоёр гартай болж баярлаад “За, одоо намайг яасан ч тахихгүй” гэж хүүгээ үүрээд өглөг өгч байгаа газар очжээ. Хаан аавындаа иртэл ээж нь хашааныхаа хаалган дээр тэрэгтэй алт мөнгийг ядуу хоосон улсад түгээж өгч байжээ. Тэгээд хүүхэн хүүтэйгээ хатны дэргэд очтол хүүхэд нь хатны хормойгоос зуурч
“Ээж ээ, ээж ээ” гэж орилжээ. Хатан гайхаж хүүхэд хүүхэн хоёрыг хартал гаргүй хүүхэнтэй тун адил, тэгээд хүүхэн хоёр гартай. Тэгэхээр нь хатан цаашаагаа хаан, хүү хоёроо дуудуулж тэр хоёр нь гарч ирээд хүүхнийг үзээд таньж гэртээ авч орж баяр найр хийжээ. Тэгээд хүү эхнэр, хүүхэд хоёртойгоо эзэн хааныхаа албанд очиж суугаад амар сайхан жаргажээ.


Цааш нь...

Ухна гуай

Урьд нэг айлд омог бардам ухна байжээ. Ухна гуай өөрийн сүргийн төлөө ер санаа үл тавин, ганцхан биеийн жаргалыг эрхэмлэдэг байжээ. Нэгэн өвлийн янгинам хүйтэн шөнө тэнгэр зузаан үүлсээр бүрхэгдэж сүрхий хүчтэй цасан шуурга болоход өнөө эвэр ихт ухна бусад хонь ямааг айлган хурц үзүүртэй эврээр мөргөлөн хөөж босгосоор хамгийн аятай дулаан байх гэсэн газраа эрж явлаа.
Тэгж явсаар хуц гуайн дэргэд очиж гэнэ. “Ухна миний ихэмсэг зангаас хуц айж аятай тухтай байраа найр тавин өгч өөр газар очих биз” гэж боджээ.
Гэтэл харин өнөө хуц гуай ер ажиглан анхаарсан шинжгүй тухлаг аятай хэвтэртээ таатай хивж зүүрмэглэн байхаар нь ямаан сүргийн тэргүүн ухна гуайн омог уур ихэд хүрч дээш цоройн сүрийг бадруулан “Хуцыг мөргөе” гээд цоройх гэтэл хашаатай олон хонь ямаа тал талаас шахаж байгаа учир үл айгч хуцыг мөргөж чадсангүй. Хий л уур омог нь хүрч цухалдан “Хуцанд дараа нэг чадал хүчээ үзүүлье” гэж бодсоор өөр аятай байр олохоор хавь ойрын бусад хонь ямааг айлгаж тав тухы нь алдуулан хашаан дотуур цааш явжээ.
Тэр хашааны нэгэн буланд хонин сүргийн дунд хамгийн их настай хөгшин ирэг хэвтэж байжээ. Ухна гуай уурандаа хөгшин иргийг босгон хөөж айлгаад дулаан айхан бууцан дээр тавтайхан унтаж цасан шуургын аюулыг мэдсэнгүй. Гэтэл шөнийн тэр их шуурганаар хоол эрж явсан өлөн чоно хотонд сэмхэн орж ирээд хашааны завсраар нэгэн ямааны сүвээнээс үмх мах тасдан авсан нь дээрэнгүй зант ухна тохиолдож золтой л амь алдсангүй гэнээ.
Маргааш өглөө бэлчээрт гарахад ухнын шарх ихэд өвдөж хэвтэн босон, байж ядан зовуурлан шаналахад ижил олон сүргээс нэг нь ч хөөрхий зовлонд учирсан ухныг өрөвдөн хайрлахгүйгээр үл барам анхааран хандах ч үгүй харин өнөө хуцаа бараадан өвсний шимтэйг амтлан идэж тааламжтай аятай байгааг харахаас ухнын уур омог хүрч цухалдан “Энэ муу хуцтай тулалдаж олон сүргийн өмнө хүч чадлаа үзүүлээд өгье!” гэж сэлэм мэт сүрлэг эврээ сэрийлгэн бүдүүн чанга дуугаар майлан шууд хуцыг чиглэн очжээ.
Харин тавтай идээшилж явсан хуц сүр бадруулан ирж яваа ухнаас айж сүрдсэн шинжгүй, амтат өвсөө хивсээр ажиггүй харж зогсов. Ухна гуайн уур омог ихэд хөдлөн өндөр гэгч цоройн буухын хооронд гэдэс нь хачин өвдөж тэртээ уул онхолдон нурах шиг болоод явчихжээ.
Гэнэт ухаан ортол газар хэвтэж байна. Ухасхийж бостол толгой нь их л хөнгөн болчихсон байна гэнэ. Өнөө хуц гуай харин юу ч болоогүй мэт хээв нэг идээшлэн ажиггүй явж байв. Ухна гуай хуцын араас ухасхийн давхих гэтэл хөлд нь нэг юм тээглэхэд харвал харин өөрийнх нь сүр жавхаа болж явсан эвэр нь хугарчихсан хэвтэж байжээ. Түүнээс хойш мухар болсон ухнаас нэг ч хонь ямаа айхаа больсон гэнээ.


Цааш нь...

Бэтгэлжин бор шувуу

Эрт урьд цагт нар сая мандаж навч сая дэлгэрч төр сая тогтож түмэн сая хурж байхад Бэтгэлжин бор шувуу гэж байж гэнэ. Тэр шувуу өвлийн хүйтэнд өлсөнө гэж, хаврын хатууд харшина гэж хайртай бэтгэ гүеэндээ чимх будаа чихэж атга будаа агуулсан юм байжээ. Тэгээд нэг өдөр тэнгэрт нисч ядраад харгана сондуул дээр суутал хайртай бэтгийг нь хагалчих гээд хатгаад байж гэнэ. Тэгэхлээр нь “Чамайг тэгвэл ямаагаар идүүлнэ дээ” гэж харганыг занаад ямаанд очиж “Ямаа гуай ямаа гуай, харгана сүндуул хайртай бэтгийг минь хагалчих гээд байна. Харганыг та идээд өгөөч!” гэж гуйж гэнэ.
Гэтэл ямаа “Чиний хатсан харганыг идэх байтугай шимтэй ногоогоо идэж барахгүй яая гэж байна” гээд тоосонгүй гэнэ. Тэгэхлээр нь Бэтгэлжин бор шувуу “Чамайг тэгвэл чоноор идүүлнэ дээ” гэж ямааг занаад чононд очиж “Чоно гуай, чоно гуай! Харгана сондуул хайртай бэтгийг минь хагалчих гээд байна. Харганыг хар ямаа идэж өгөхгүй байна. Хар ямааг та идээд өгөөч!” гэж гуйжээ.
Тэгтэл чоно “Чиний туранхай ямааг идэх нь байтугай тураг гөрөөсөө яаж идэх билээ гэж явна” гээд тоосонгүй гэнэ. Тэгэхлээр нь Бэтгэлжин бор шувуу “Чамайг тэгвэл анчнаар алуулна даа” гэж чоныг занаад анчин хар хүнд очиж “Анчин гуай, анчин гуай! Харгана хайртай бэтгийг минь хагалчих гээд байна. Харганыг хар ямаа идэж өгөхгүй байна. Хар ямааг хөх чоно идэж өгөхгүй байна. Хөх чоныг та хөөгөөд намнаад өгөөч!” гэж гуйжээ.
Тэгтэл анчин “Гуриатсан чоно хөөцөлдөх нь байтугай гуу жалгын гөрөөсөө намнаж чадахгүй явна” гээд бас тоосонгүй гэнэ. Тэгэхлээр нь Бэтгэлжин бор шувуу “Хулганаар чиний хувцсыг чинь ноолуулж хорлоно доо” гэж занаад хулганад очиж “Хулгана гуай, хулгана гуай! Харгана хайртай бэтгийг чоно идэж өгөхгүй байна. Хөх чоныг анчин хөөж намнаж өгөхгүй байна. Анчин эрийн хувцсыг чи ураад ноохойлоод өгөөч!” гэж гуйжээ.
Тэгтэл хулгана “Гөрөөчний дээл ноохойлох нь байтугай хөеөгөө яаж хураая гэж ядаж явна” гээд тоосонгүй гэнэ. Тэгэхлээр нь Бэтгэлжин бор шувуу “Чамайг тэгвэл хургачин хүүгээр алуулна даа” гэж хулганыг занаад хургачин хүүд очиж “Хургачин хүү, хургачин хүү! Харгана сондуул хайртай бэтгийг минь хагалчих гээд байна. Харганыг хар ямаа идэж өгөхгүй байна. Хар ямааг хөх чоно идэж өгөхгүй байна. Хөх чоныг гөрөөчин хөөж намнаж өгөхгүй байна. Гөрөөчний дээлийг хулгана ноохойлж өгөхгүй байна. Хулганыг чи хувин ус цутгаад алаад өгөөч!” гэж гуйжээ.
Гэтэл хургачин хүү “Хулгана зурамтай хөөцөлдөх нь байтугай хурга ишгээ хариулж гүйцэхгүй яая гэж явна” гээд тоосонгүй гэнэ. Тэгэхлээр нь Бэтгэлжин бор шувуу “Чамайг тэгвэл ааж ээжээр чинь зодуулна даа” гэж хургачин хүүг занаад аав ээжид нь очтол тэднийх эсгийгээ хийх гээд унгасаа савж байжээ.
Бэтгэлжин бор шувуу аав ээжид нь очоод “Харгана сондуул хайртай бэтгийг минь хагалчих гээд байна. Харгана сондуулыг хар ямаа идэж өгөхгүй байна. Хар ямааг хөх чоно идэж өгөхгүй байна. Хөх чоныг гөрөөчин эр алаад өгөхгүй байна. Гөрөөчний хөдсөн дээлийг хулгана ноохойлоод өгөхгүй байна. Хулганыг хургачин хүү чинь алаад өгөхгүй байна. Хургачин хүүгээ нэг сайн зодоод өгөөч! Гэж гуйжээ.
Тэгтэл хүүгийн аав ээж хоёр “Тархигүй хүүхэдтэй хөөцөлдөх нь байтугай тараасан унгасаа савж амжихгүй яая ийе гэж байна” гээд тоосонгүй гэнэ. Тэгэхлээр нь Бэтгэлжин бор шувуу “Тэгвэл та нарын унгасыг чинь уул талаар нэг болгоно доо” гэж занаад салхи гаргахаар шийдэж Болзоотын бор толгой дээр гараад байдаг чадлаараа исгэрэн жиргэж гарчээ.
Тэгтэл салхи шуурга дэгдэж савсан унгасыг хийсгэжээ. Ингээд хүүгийн аав ээж хоёр Бэтгэлжин бор шувуунд очиж “Салхи шуургаа намдааж өгөөч, бид хургачин хүүгээ зодоод өгье” гэж амлажээ. Хургачин хүүг “Хулгана алж өг” гэж зодох болсонд хургачин хүү “Хулганыг алаад өгье” гэж амлажээ. Хургачин хүү хулганыг алахаар очиход хулгана “Гөрөөчний хөдсөн дээлийг ноохойлоод өгье” гэж амлажээ. Хулгана гөрөөчний дээлийг ноохойлох болоход гөрөөчин эр “Хөх чоныг хөөж намнаж өгье” гэж амлажээ. Хөх чоныг гөрөөчин хөөж алах болоход чоно “Хар ямааг би хага татаад өгье” гэж амлажээ. Хар ямаа харгана сондуулыг идэхээр очиход харгана сондуул “Бэтгэлжин бор шувууны хайртай бэтгийг би хагалахаа байя” гэж ам тангаргаа өгчээ. Тэгээд Бэтгэлжин бор шувуу хайртай бэтгээ хамгаалж чадаад амар сайхан жаргав гэнэ.


Цааш нь...

Илжиг ойгоос зугтсан нь(Нигер)

Эрт цагт илжиг ойд амьдарч байхдаа нэгэн өдөр цөөвөр чонотой тааралдаад ийн хэлжээ. "Би бол ойн бүх амьтдын дотроос хамгийн хүчтэй нь билээ. Ойн амьтдаас чухам хичнээнг би алсаныг тоолоод баршгүй" гэжээ. Цөөвөр чоно хариуд нь:
"Үгүй байлгүй дээ илжиг гуай энэ ойд хамгийн зоригтой, чадалтай нь би шүү дээ" гэв. Илжиг ихэд дургуйцэж:
"За тийм болог. Чоно чи маргааш өглөө ойд очиж ойн амьтад хаана цугларсан газрыг олоод надад ирж хэл. Би ямар хүч чадалтайгаа чамд үзүүлээд өгөмз" гэжээ. Дараа өдөр нь цөөвөр чоно ойд очиж заан, одос үхэр, марал буга зэрэг олон зэрлэг амьтдыг хөөж нэгэн талбайд цуглуулчихаад илжигт ирж хэлэв. Цөөвөр чоно, илжиг хоёр явсаар ойд бөөгнөрсөн амьтдад дөхөж ирмэгц илжиг хэлсэн нь:
"За чоно чи надаас холхон шиг хүлээж бай! “Мах идээрэй” гэж намайг дуудахаар хүрч ирээрэй" гэхэд цөөвөр чоно зөвшөөрөн модны цаана хоцров. Илжиг модны завсар зайгаар нуугдан явсаар ойн цоорхойд цугларсан амьтдын дэргэд нь хүрч очоод:
“И-хо-о И-хо-хо” гэж гэнэт орилмогц бөөн байсан ойн амьтад үргэн тал бүр тийш бутран зугатав. Аварга том заан хэд хэдэн одос үхэр, буга, гөрөөсийг дайрч унаган бяц гишгэн алж орхив. Ойн амьтад зугатан явсаны дараа илжиг үхсэн үхэр, буга, гөрөөс тэргүүтнийг хараад:
"Хүүе чоно оо! Мах идээрэй! Нааш ир! Бушуул" гэж орилов. Цөөвөр чоно хүрч ирээд ихэд гайхаж "Илжиг гуай та үнэхээр хүч чадалтай амьтан юм байна. Би таны зарц болъё" гэв.
Илжгээс ихэд айсан цөөвөр чоно түүнийн бараа бологч зарц нь болжээ. Цөөвөр чоно илжигний хоёр том урт чихийг ямар нэг хүч чадалтай мэт байх гэж санадаг байжээ. Нэгэн өдөр цөөвөр чоно "Илжиг гуай, таны толгой дээр байгааг би сонирхож болохсон болов уу?" гэхэд илжиг зөвшөөрч хоёр чихээ үзүүлэв. Чоно чихий нь барьж үзээд "Таны энэ хоёр гозгор чинь эвэр юм байх гэж бодсон чинь биш шив дээ" гэхэд Илжиг "Хаанаас даа чих байхгүй юу!" гэхэд "Аа тийм бий" гэж цөөвөр чоно дотроо занав. Дараа нь нэгэн орой илжиг бэлчээрлэж байтал цөөвөр чоно барьж идэхээр дайрчээ. Илжиг ч байдаг чадлаар хот руу зугатав. Хотын хүмүүс түүнийг аюулаас авран чононоос салгажээ.
Илжиг үүнээс хойш нэрэлхэж худал хэлэхээ больсны дээр амийг нь аварсан сайн санаат хүмүүстэй нөхөрлөн тэдэнд үйлчлэх болж, ойд дахин очсонгүй ажээ.


Цааш нь...