Шунахай авгай(Нигер)

Эрт урьд цагт эгч дүү хоёр байжээ. Эгч нь хэмжээлшгүй баян, дүү нь хэлэхийн эцэсгүй ядуу юмсанжээ. Ядуу дүү нь нүцгэн биеэ ч далдлах хувцасгүй, зөвхөн модны навч мөчирөөр наагуур цаагуураа халхалж, хүүхдээ үүрэн хээр гадаа тэнэж, холтос навчис түүж худалдан хоногийн хоол олдог байв. Хөөрхий тэр ядуу эмэгтэй нэгэн өдөр хөвч их ой ширэнгэд очиж хүүхдээ модны ёроолд орхиод навч түүсээр хүүхдээсээ нилээд хол явчихжээ. Тэр хойгуур нь хүүхдийг нь нэг сармагчин авч модны орой дээр гараад тоглож эхэлжээ.
Эмэгтэй навч түүж аваад хүүхдээ тавьсан газарт эргэж ирсэнд хүү нь алга байжээ. Эх нь хүүгээ дуудаж бахирсан боловч таг чиг байлаа. Гэтэл гэнэт хүүхдийн уйлах чимээ сонсож модны орой өөд харвал нэг сармагчин хүүгий нь тэвэрч нэг мөчрөөс нөгөөд дүүлж харагдав.
Эх хүүгээ дуудан уянгалан дуулсанд сармагчин хүүгий нь тэвэрсээр модны мөчир дамжин бүжиглэн улам улам доошилж байна. Эх нь дуулсаар байв. Сармагчин доошилсоор доошилсоор газарт бууж хүүгий нь эхэд нь өгөөд асуусан нь:
- Эмэгтэй чи ийм сайхан дуулдаг мөртөө яагаад ингэж явдаг вэ? Чи өдөр бүр л энд ирдэг үү? гэсэнд эмэгтэй хариуд нь:
- Би ядуу учир өдөр бүр энд хоолоо залгуулах идэх юм олдог гэв.
Сармагчин:
- За чи тэгвэл энэ замаар яв! Нилээд явж байтал нарийхан зөрөг зам зүүн тийш эргэнэ. Түүгээр яв. Замд чинь янз бүрийн алим жимс ургасан моднууд тааралдана. Тэдний зарим нь намайг ав намайг ав гэж бахирах бий. Тэднийг битгий аваарай. Харин дуугарахгүй байгаа жимснээс нь ав гэж хэлэв.
Эмэгтэй хүүгээ тэвэрч сармагчингийн заасан замаар цааш явтал намайг ав намайг ав гэж зарим модны жимс бахирна. Түүнд гар хүрсэнгүй, огт дуу гарахгүй байгаа жимснээс нэгийг аваад эргээд сармагчинд ирж хэрхэн ямар жимс авсан учраа хэлсэнд сармагчин:
Одоо гэртээ харь гэртээ ороод хаалга үүдээ сайн түгжээд жимсээ хагал гэжээ.
Эмэгтэй гэртээ ирж сармагчингийн захиж хэлснээр хийв. Жимсэн дотроос маш их алт мөнгө, хувцас хунар гарч ядуу эмэгтэй ихэд баярлан бүх мөнгө, хувцасыг хоёр хэсэгт хувааж нэг хэсгийг эгчдээ өгч хоёр дахийг өөртөө авчээ.
Баян эгчид дүүгийн өгсөн юм чамлалтай санагдаж:
-Би чиний олз олсон газрыг мэднэ. Одоо өөрөө очиж юу байгаагий нь авчирна гээд дүүгийнхээ хүүг авч ой руу явав.
Ойд очиж хүүгээ модны ёроолд орхиод навч түүхээр ширэнгэнд оржээ.
Энэ хойгуур сармагчин ирж хүүг үзээд:
-Энэ эмэгтэй чинь ийм ховдог шунхай амьтан байсан гэж үү гэж гайхсанаа: “Юу ч атугай буцаж ирэхээр нь учрыг лавлая” гэж шийдээд хүүгий нь авч модны оройд гарав. Төдхөн эмэгтэй буцаж ирээд дуулахаар нь сармагчин хүүгий нь авч модны орой дээрээс бууж ирээд:
Өчигдөрийнх чинь чамд багадаа юу гэж асуув. Баян авгай, өчигдөр миний ядуу дүү ирсэн юм гэж хэлсэнгүй, харин “Тиймээ, бага байна. Бүр ихийг авах гэсэн юм” гэжээ. Сармагчин урьдын адил зам зааж зөвхөн дуугарахгүй байгаа жимснээс ав гэж зөвлөжээ.
Эмэгтэй сармагчингийн заасан замаар явж байхдаа энэ муу сармагчин ер нь намайг хэн гэж бодоо вэ? Тэр намайг ав намайг ав гэж дуугардаг жимсийг авбал их үнэтэй сайхан юм бий байх түүнийг нь авахад яадаг байна гэж бодсоор алим жимс багсайн ургасан модонд хүрэв “намайг ав” гэж дуугарсан нэг алимыг аваад эргэж буцах замдаа сармагчинд
- Би дуугараагүй жимсээс авав гэж худал хэлжээ. Сармагчин цааш хэрхэх учрыг авгайд заав.
Авгай гэртээ ирж хаалга үүдээ бэх сайн түгжиж, алимаа хагалтал дотроос нь алт мөнгө биш харин араатан амьтан, аварга могой цувран гарч ирээд ховдог авгайг хазаж хатгаж тарчилаав. Шунал ихэдвэл шулам болно гэгч энэ ажгуу. Сайн санаагаар тусалсан бусдын ач тусыг чамлалгүй үнэлэн хүндэтгэх нь чухал юм.

0 Сэтгэгдэл: