Гахай заан хоёр(Баул)

Нэгэн гахай заантай тааралдаад "Заан гуай, тань шиг ийм аварга том болъё гэвэл яах хэрэгтэй вэ" гэжээ. Заан инээмсэглэн хэлсэн нь:
- Аа, энэ бол тун нууц юм. Хэрвээ чи хүсээд байвал би чамд нэг ид шидтэй зүйл өгье гэж хэлээд гахайг орхиж ширэнгэ мод руу хэсэг зуур алга болчихов. Удсангүй заан эргэж ирээд хаанаас авчирсанаа хэлэлгүй ямар нэгэн навч өгөөд:
- Би чамд өдөр бүр ийм навч өгөх болно. Түүнийг идээд байвал чи хожим яг л над шиг том болно доо гэж хэлэв.
Түүнээс хойш гахай өдөр бүр заанийд очиж нэг навч авч идээд байсан чинь нэг мэдэхэд таргалаад бие нь томорч заантай төстэй ч юм шиг болоод иржээ. Бас нилээд хугацаа өнгөрсөн хойно үзвэл гахай бүр бүдүүрч, хошуу нь уртсаж жижигхэн соёо ургаад нүд, чих нь ч гэсэн заантай адилхан болсоор байв. Гахай үүнийг мэдээд "Бүх юм сансанаар болж байвал удахгүй би заантай адилхан болно. Тэгэхэд энэ муу болхи саарал амьтан шиг биш, хорвоогийн хамгийн том амьтан ямар байдгийг бусад бүх амьтдад үзүүлээд өгнө дөө" гэж боджээ.
Гахай ихэмсэгээр хамраа сартагануулан нааш цааш явж байхдаа тааралдсан амьтныг танихаа болив.
Нэгэн орой гахай хоол олж идэхээр ойд очиж модны үндэс ухаж гарав. Түүний хошуу нь урьдынхаасаа огт өөр, хүчирхэг том амьтан болсон нь илт байсанд гахай бүр ч сагсууран хошуугаа ээтийлгэн ийш тийш харайлгаж газар онгилж тургиж байхыг хавь ойрын амьтад үзээд ойртож чадахгүй айж байлаа.
Яг энэ үеэр заан ойролцоо явж байтал нь их чимээ шуугиан гараад байхаар нь гайхаж,
-Цаана чинь юу болоод байна вэ гэсэнд амьтад:
-Энд заанаас том нэгэн амьтан ирчээд байна.
- Аа тийм үү? Надаас том амьтан байдаг гэж би ер нь сонсоогүй юм байна. Ямар амьтан байна вэ? Харъя гэж заан бодоод ой руу очиж харвал үхээнц муу гахайнцар үндэс малтаж байгаа харагджээ. Заан зэвүүрхэж:
- Аа муу гахайнцар байх шивдээ. Би чамайг том болгох гэж дэмжиж оролдоод байхад харин чи өөрийгөө бүр ихэд бодоод эцэстээ өөрийгөө надтай зүйрлэх гэж санаархаж байгаа бий. Чи өөрийгөө надаас том хүч чадалтай амьтан болчихлоо гэж санаж байна уу? Тэгэхгүй шүү. Үүнээс хойш чамд ид шидтэй навчаа өгөх өө болилоо гэчихээд явчихжээ.
Тэр цагаас хойш гахай том болсонгүй зөвхөн газар онгилоод л хоншоороо ээтийлгэн тургиж байдаг болсон гэнэ.
Бусдын тусыг эс үнэлэн биеэ тоох гэдэг мөн ч хортой юм аа!

0 Сэтгэгдэл: