Сүүлэн хүү

Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр амьдран сууж байжээ. Эмгэн нэг өдөр ямаагаа хариулж яваад тургиж орхижээ. Гэтэл нэг ямааныг сүүлийг тас тургичихсан байв гэнэ. Эмгэн үүнийгээ өвгөндөө хэлэлгүй нуугаад сүүлээ гэрийнхээ цавагт хийгээд орхижээ.
Түүнээс хойш олон хоног өнгөрчээ. Нэг өдөр эмгэн сүүгээ юүлээд тогоогоо хусах зуураа “Иш чааваас, хусам идэх хүүтэй болоосой” гэж хэлсэнд “Би яагаав” гээд сүүл шиг бяцхан хүү ороод иржээ. Эмгэн тэр хүүд хусмаа өгөөд “Хүүтэй боллоо” гэж их баярлан орой өвгөнөө ирэхээр баяр хөөр болон хэрхэн яаж хүүтэй болсон тухайгаа ярьжээ.
Өвгөн бас баярлан хүүгээ үнсжээ. Ингээд хүүдээ Сүүлэн хүү гэж нэр өгөөд гурвуулаа амьдран суудаг болов. Сүүлэн хүү том болж, малаа хариулж чаддаг болов.
Хүү нэг орой малаа хотлуулж байтал хоёр танихгүй хүн хүрч ирээд Сүүлэн хүүг “Гурвуулаа энэ шөнө хааныхаас юм хулгай хийе” гэхэд хүү зөвшөөрөн малаа хотлуулчихаад хамт явжээ. Шөнө орой болж амьтан хүн унтаад нам гүм болохоор хоёр хулгайч Сүүлэн хүүг “Чи яваад хааны үхэр дотроос хүрэн шарыг нь бариад ир” гэв. Хүү “За” гээд явжээ.
Хааны үхэрт ороод “Том хүрэн шарыг нь авах уу, жижиг хүрэн шарыг нь авах уу?” гээд хашгирч орхисон чинь хааныхан “Үхэрт хулгай орлоо, наана уу цаана уу, буу шийдэм нохой шувуу” болж гэнэ. Энэ үеэр Сүүлэн хүү нэг үхрийн чихэнд ороод нуугдав. Чимээ анир намдахаар Сүүлэн хүү том хүрэн шарыг нь хөтлөөд явжээ.
Шараа алах гэтэл тэр гуравт сүх байсангүй.
Сүүлэн хүүг “Чи явж сүх олж ир” гэжээ. Сүүлэн хүү явж хааны түлээнд ороод “Том сүхийг нь авах уу, жижиг сүхийг нь авах уу” гээд хашгирсан чинь хааныхан “Түлээнд хулгай орлоо, наана уу цаана уу буу шийдэм, нохой шувуу” болжээ.
Энэ дарвианаар Сүүлэн хүү холтсон дотор ороод нуугджээ. Чимээ анир намдахаар нь том сүхийг нь аваад явжээ.
Гурвуулаа шараа алаад хуваах болов.
“За Сүүлэн хүү чи юуг нь авах вэ?” гэж нөгөө хоёр нь асуухаар Сүүлэн хүү “Би гүзээ, сүүл хоёрыг нь авъя” гэж хэлээд түүнийгээ аваад яваад өгчээ. Сүүлэн хүү тэр хоёр хулгайчийн буцах замыг отож очоод гүзээгээ үлээж хийлчихээд сүүлнийхээ хялгасаар амыг нь уячихаад “Чи хэн хэнтэй цуг хулгай хийв, хурдан хэл, хэлэхгүй юу чи, аа тийм үү. Яасан задарсан тархи вэ?” гэж худал дүрэмдэн ясан сүүлээр нь үлээсэн гүзээгээ пад пад ороолгож байжээ.
Түүнийг хоёр хулгайч сонсоод “За, Сүүлэн хүү хааныханд баригдчихаж, аягүй бол бид хоёрыг барьж магадгүй” гэж айгаад тэр хоёр авсан хамаг махаа хаа гуяар нь ийш тийш нь хаяж цацаад сэм яваад өгчээ.
Тэр хоёрыг явсан хойгуур Сүүлэн хүү бүх махыг нь цуглуулж аваад бүхэл үхрийн махтай гэртээ харьжээ.
Сүрхий Сүүлэн хүүгийн чимээгээр хаан нэг өдөр түүнийг үзэхээр гэрт нь иржээ. Сүүлэн хүү хааныг тосож морийг авч уянгаа мориных нь хамрыг сэт татжээ. Үүдээ өргөж оруулангаа малгайных нь отго жинсийг авч, олбог дэвсэж өгөнгөө гутлынх нь улыг ханзлаад авчихжээ.
Хаан тэднийд цай хоол ууж идээд явах болж, тэгэхээр нь хүү “Та хаан хүн байтлаа юунд улгүй гутал, отгогүй малгай, сэтэрхий хамартай морь эдлэж явдаг юм бэ?” гэж асуухаар нь хаан Сүүлэн хүүд чадагдсандаа шаралхаж “Сүүлэн хүү чи тийм айхавтар юм бол миний хатны эрдэнийн алтан бөгжийг өнөө шөнө аваад орхи” гэжээ.
Сүүлэн хүү “За тэгье” гэжээ. Хаан гэр рүүгээ яваад өгч, харуй бүрий болохын үеэр Сүүлэн хүү хааныд очоод тоононых нь цамхагт нуугдаж суугаад хараад байж.
Орой болж хатан унтахдаа эрдэнийн алтан бөгжөө амандаа үмхээд унтлаа. Өмнүүр нь хаан өөрөө хэвтлээ. Хоймортоо хоёр лам, баруун талдаа хоёр сайн зарцаа, хатныхаа хөлд аягачин, шивэгчин хоёроо унтуулаад хоёр хатавчаа зэс гуулин хошуутай хоёр шулмаараа сахиулаад гадаа үүдэндээ Хасар Басар хоёр нохойгоо уяж түүний цаахан талд нь хайрдаг, хаздаг хоёр буураа уяад эд бүгдийг сонор соргог байхыг чандлан захиад орхижээ. Сүүлэн хүү эд бүгдийг мэдсэнийхээ дараа шөнө дундын эхэнд шүлэг нойрны үеэр хааны хоттой хонинд орж нэг хээлтэй эм хонь алж аваад хоёр хормой хужир хормойлоод хааны өргөөний үүдэнд очив.
Хайрдаг хаздаг хоёр бууранд нь хоёр хормой хужир шорвогоо тавьж өгчээ. Хасар Басар хоёр нохойд нь хониныхоо махыг цээж бөгсөөр нь хувааж өгөөд өргөөнд нь оржээ. Зэс гуулин хошуутай шулманд нь уушги зүрхийг нь нэг нэгээр нь өгсөнд үг дуугүй аваад дув дуугүй байж гэнээ.
Хоёр зарцынх нь өвөрт алсан хониныхоо чацга баасыг нь хийж аягачин шивэгчин хоёрынх нь өвөрт дутуу улаан хургыг нь өвөртлүүлжээ. Хоёр ламын толгойг сэмжээр нь ороогоод хааны өөрийнх нь өвөрт хоёр бөөрийг нь хийчихжээ. Хамгийн сүүлд хатны аманд цөсий нь хийнгээ хагалчихжээ.
Хатанд цөс амтагдахын хамт “Аах түй, паах пөөх” гээд л огилтондоо эрдэнийн алтан бөгжөө гаргачихаар нь Сүүлэн хүү бөгжийг нь аваад гэр дээр нь гараад тоононых нь цамхагт нуугдан суув. Хатан “Хаан гуай, хаан гуай! Сүүлэн хүү алтан бөгж аваад явчихлаа” гэв.
Хаан сэрээд босох гэтэл хоёр тал руу нь хүйтэн юм унахаар нь үзсэн хоёр бөөр нь байв гэнэ.
Хаан “Миний хоёр бөөр сугарчихаж, би босож болохгүй байна” гэв.
Хатан хоёр ламыг сэрээсэнд хоёр лам “Байзаарай, байзаарай. Банзал цамц толгойд орооцолдчихоод босож болохгүй байна” гэжээ.
Хатан хоёр зарцаа “Босоорой” гэсэн чинь “Хөөе чи юу, би юу, би биш, чи чацга алдчихаж. Би биш, чи чацга алдчихаж” гэж хэрэлдээд байжээ.
Хатан “Алтан бөгж яадаг билээ. Аягачин шивэгчин хоёр бушуулаарай” гэсэн чинь “Чиний хүү юу, миний хүү юу? гэж маргасаар хурдан хөдлөж өгсөнгүй.
Хатан “Зэс гуулин хошуутай хоёр шулмаа, хурдан бушуу яваад алтан бөгж олоод ир” гэсэн чинь “Чи зүрх идсэн, би уушги идсэн. Чи яв! “Үгүй, чи яв” гэж хэрэлдээд хөдөлсөнгүй. Хатан ихэд тэвдэн “Алтан бөгж.... Хасар Басар хоёр нохой туу туу” гэхэд “Би цээж идсэн, чи бөгс идсэнээрээ яв” “Үгүй, цээж их махтай байдаг. Чи яв” “Сүүтэй ууц идсэнээрээ чи яв” гэж хар хур хэрэлдээд явж өгсөнгүй.
Хатан “Хайрдаг хаздаг хоёр буур минь яваарай. Сүүлэн хүү бөгж аваад явчихлаа” гэхэд “Чи гадаад хормойгоор хужир идсэнээрээ яв. Би дотоод хормойгоор шороо идсэн юм чинь яаж явдаг юм”.
“Үгүй, чи яв” гэлцээд аль нь ч явсангүй. Хатан хий бухимдан аль ч үгүй ангайж хоцрох энэ завшаанаар Сүүлэн хүү гэртээ харьж ид шидтэй эрдэнийн алтан бөгжийг аав ээж хоёртоо аваачиж өгөөд амар сайхан жаргажээ.

Шошго: |

1 Сэтгэгдэл:

  1. Anonymous Says:

    huuhded unshij ogohod arai l tohiromjgui ulger bn daa...