Аргат өвгөн Хүчит өвгөн хоёр

Эрт урьд цагт Аргат өвгөн Хүчит өвгөн гэж байж. Хоёулаа нэг нэг өвсөн гэр барьж. Аргат өвгөн алаг эрээн бухтай юмсанж. Хүчит өвгөн хүрэн эрээн бухтай юмсанж. Хүчит өвгөн Аргат өвгөнийгөө дээрэлхээд алаг эрээн бухыг алчихав. Тэгсэн Аргат өвгөн бухынхаа чөмгий нь тулманд хийгээд, үүрээд хааныд очжээ. Хаан хэлж: “Аргат өвгөн, туламтай чинь юу вэ?” гэж асууж. “Бухын чөмөг” гэж хэлж. Хаан хэлж: “Би бухын чөмгөн дуртай юмсан, надаа өгөөч! гэж гуйж. Өвгөн туламтай чөмгөө хаанд өгчихөж. Хаан нэг сайн шар өгч. Аргат өвгөн шараа унаад хүрээд ирж. Хүчит өвгөн Аргат өвгөнөөс асууж: “Чи хаанаас шар олов?” гэж асууж. “Бухынхаа чөмгийг хааныд энэ шарнаас өглөө” гэж. Хүчит өвгөн бухаа алаад чөмгий нь тулманд хийгээд хааныд хүрээд очжээ. “Хаан гуай, би бухын чөмгийг шарнаас өгнө” гэж хэлжээ. Хаан “Чи намайг бухын чөмгийг шараар авч байна гэж хэнээс дуулав?” гэж аашлаад хуурай модыг хугартал, нойтон модыг ноцтор зодоод явуулж. Хүчит өвгөн буцаж ирээд Аргат өвгөний өвсөн овоохойгий нь түймэрдчихэж. Аргат өвгөн үнсийг нь тулманд хийгээд хааныд очиж. Хааны хүүхэд “Аргат өвгөн, тулманд чинь ямар юм байна?” гэж асууж. “Алт мөнгө” гэж хэлж. “Үзүүлвэл үнс болно” гэж. “Харъя даа” гэж. “Харвал хальс болно” “Үнс болвол алт мөнгө хийгээд өгөмз!” гэж. Үзүүлж, үнс байж. Алт мөнгө хийгээд өгч. Алт мөнгөө үүрээд ирж. Хүчит өвгөн асууж: “Алт мөнгө хаанаас олов?” “Өвс овоохойны үнсийг алт мөнгөнөөс өгнө гэхлээр хааных авлаа” гэж хэлж. Хүчит өвгөн овоохойгоо түймэрдээд үнсийг нь тулманд хийгээд хааныд очоод “Өвс овоохойны үнсийг алт мөнгөнөөс өгнө” гэж хэлж. “Чи намайг үнсийг алт мөнгөөр авч байна гэж хэнээс дуулав?” гэж аашлаад хуурай модыг хугартал нойтон модыг эгштэл зодоод тавьчихаж. Хүчит өвгөн хүрч ирээд Аргат өвгөнийг далайн захад аваачаад модноос хүлээд “Маргааш чамайг энэ далай руу хийж ална” гээд уячихжээ. Тэгсэн түмэн хонь туусан шарга морь унасан төмөр ширвүүл барьсан өвгөн хүрээд ирж: “ Чи яагаад хүлүүлээд байгаа хүн бэ?” “Миний нуруу минь бөгтөр болсон юмсан. Ингэж хүлүүлэхээр зүгээр болдог юм” гэж хэлжээ. “Чи намайг хүлээд өгөөч!” гэж гуйжээ. “Намайг тавьчих даа!” гэжв Тавьчихаж. Хонь туусан өвгөнийг хүлчихээд, морийг нь унаад хонийг нь туугаад ууланд очжээ. Хүчит өвгөн хүрч ирээд өвгөний хүлээсийг тайлаад ус руу хаяж алах гэжээ. “Би биш, би биш” гэж бархирчээ. “Чамайг би өчигдөр авчраад хүлсэн! Чи яагаад биш байдаг юм?” гэж хэлээд далайд хаячихаж. Аргат өвгөн хонио туугаад, морио унаад хүрээд ирж. “Аргат өвгөн, чамайг би алчихсансан! Чи энэ их юм хаанаас олов?” “Ээ, чи намайг ална гэж аварлаа. Лусын хааных өмч хувааж байтал өрхөөр нь хаячихаж, над энүүнийг өглөө.” “Ччи намайг хаяад өгөөч! гэж. “За тэгье!” гэв. Очоод “Чи намайг энэ рүү хаясан!” гэж зааж өгчээ. Тэр рүү нь хаяад алчихжээ. Хүрч ирээд морьтой, хоньтой малтай, гэртэй, оронтой болоод ганцаараа амар сайхан жаргажээ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: