Долоон бор оготно

Эрт урьд цагт ах дүү долоон бор оготно байж гэнэ. Алган чинээ газартай юм байж. Нэг өдөр алгын чинээ газар дээр нь атгын чинээ цас ороход ах дүү долуулаа арилгаж байгаад шагайн чинээ шар тос олжээ. Түүнийгээ хамгийн отгон дүүдээ хадгалуулж гэнэ. Отгон дүү нь шагайн чинээ шар тосыг нь долоосоор байгаад идчихжээ. Отгон дүүгээ ах дүү зургуулаа зодсоор байгаад алчихаж гэнэ. Энэ явдлаа ламд очиж хэлж гэнэ.
“Ах дүү долуулаа юмсан” гэхэд нь лам
“Өнөр болохоо дөхжээ” гэж.
“Алгын чинээ газартай юмсан” гэхэд
“Яасан их дэлхийтэй юм бэ?” гэжээ.
“Алгын чинээ газар дээр минь атгын чинээ цас орчихлоо” гэхэд
“Зуд болох шахаж дээ” гэжээ.
“Ах дүү долуулаа арилгав” гэхэд
“Ажилч болохоо дөхөж дээ” гэжээ.
“Арилгаж байгаад шагайн чинээ шар тос оллоо” гэхэд
“Баяжихыг шахаж дээ” гэжээ.
“Отгон дүүдээ хадгалуулсан юмсан” гэхэд
“Нярав болох шахаж дээ” гэхэд
“Отгон дүү минь долоосоор байгаад идчихжээ”гэхэд
“Мангас болохоо шахаж дээ” гэв.
“Ах дүү зургуулаа дүүгээ зодсоор байгаад алчихлаа” гэхэд
“Дайн болохоо шахаж дээ” гээд огт хайхарч өгсөнгүй.
Зургаан хулгана ламаас ямар нэгэн шийдвэртэй хариу дуулах байх гэж очсон урам нь хугарч лам гэдэг чинь юу ч мэдэхгүй амьтан байдаг юм байна гэж мэдээд, гэнэдэж нэгийгээ алсандаа их гэмшиж гэнэ. Үүнээс хойш ах дүү зургуулаа хоорондоо эв найртай амар сайхан амьдран суух болжээ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: