Тэнэгүүд(Бирм)

Модны ёроолд молтогчин туулай гуниглан сууж ирээдүйнхээ амьдралын тухай шаналан бодож “Газар дэлхий ганц мөч ч тайван байхгүй юм. Газар хөдөлж хад уул нурах юм уу хар салхи гарах аюул байдаг. Тэгтэл бас идэх уух юм дуусаж өлсгөлөн болоод байх юм. Эцэст нь хулгайч дээрэмчид дуртай цагтаа түйвээж аюулд оруулаад байна. Ер нь яана даа” гэж өөрөө өөртөө үглэж, гайхаш тасарч байжээ. Молтогчин туулайг ингэж энэлэн шаналан байхыг намгийн хавтгаалж, ширэнгэ ойн чийгийн өт, халуун орны хатар сармагчин гурав сонсоод ухаан алдтал айн сандарчээ.
Намгийн хавтгаалж газар хөдөлж хад уул нурна гэхийг сонсоод айн чичирч:
Намгийн хавтгаалж намайг нам унтчихсан байтал уул хад нурж өчүүхэн биеийг минь няц дарчихвал яана даа. Хэрэв өдөр бол ч яахав өөр тийшээ нисээд явчихсан... гэж шанална.
Ширэнгэ ойн чийгийн өт, хөрсөнд байдаг хоол минь дуусчихвал хөөрхий би яаж амьдрах вэ? Үхнэ! Үхнэ! Гэж гасална. Халуун орны хатар сармагчин, хулгайч дээрэмчин гэж сонсоод нус нулимсаа гоожуулан: газар дэлхийг гамнаж хайрладаг нь нарт ертөнцөд надаас өөр хэн ч байхгүй юм. Тэгэхлээр хулгайч нар намайг модны мөчир дээр гарч унтсан хойгуур газрыг минь хулгайлж авах байхдаа. Яана даа гэж уйлна. Тэр цагаас хойш намгийн шувуухай хад уул нурахад хүрвэл тэнгэр огторгуйгаас самран эгшин зуур босохын тулд хөлийнхөө богинохон сарвууг тэнийлгэн тэнгэр өөд харуулан ар нуруугаараа унтах болжээ.
Чийгийн өт хөрсөнд байгаа хоолныхоо бэлтгэлийг хороохгүйн тулд юу идсэнийгээ бөөлжиж хадгалдаг гэнэ.
Сармагчины тухайд бол шөнө бүр модны оройгоос гурван удаа газарт бууж дээрэмчид газрыг нь хулгайлсан эсэхийг шалган үздэг болсон гэнэ.

0 Сэтгэгдэл: