Оготно хэрхэн муур, нохой, бар болсон тухай(Энэтхэг)

Хөвч их ойн захад хөеө засаж явсан нэг оготныг ховдог хар хэрээ шүүрч аваад нисэж явтал тайгад унагачихжээ. Тэр тайгад юу санаснаа яах ийхийн зуур бүтээж чаддаг элдэв ухааны эрдэм чадалтай нэг хүн амьдардаг байж. Ой дотор тэр хүнийг явж байтал дээрээс нь оготно унахыг хараад түүнийг авч овоохойдоо иржээ.
Олон өдөр оготно хүн хоёр овоохойдоо амьдарч ховдог хэрээний хоол болох гэж байсан оготно хүний гараар тэжээгдэн жаргалтай сайхан амьдрах болов. Оготно нэг өдөр овоохойгоос гарч ой дотор зугаалахаар явж байтал нэг муур харагдмагц ухаан алдтал айж, эргэж зугадаж овоохойн нэг буланд орж хоргодов.
Юунаас ингэтэл айж чичрэх болов? гэж хүн оготноос асуувал:
Ээ халаг минь манай овоохойгоос холгүй муур байна. Би түүнээс айж үхэх нь байна.... гэж оготно гонгинон уйлагнав. Хүн хэлсэн нь:
За тэгвэл нэг арга байна. Чи одоо тайван унт. Өглөө босохдоо чи оготно биш, муур болсон байх бий вий. Тэгэхлээр чи муурнаас хэзээ ч айхгүй болно гэжээ. Оготно нам унтаад өглөө сэрсэн чинь оготно биш муур болсон байв.
Мууран-оготно сэтгэл тэнүүн зугаалахаар овоохойгоос гарч хэд алхтал нөгөө муур модон дотор явж харагджээ.
Тэрхэн зуур оготно муур болсоноо мартчихаад муурнаас айж эргэж зугадан овоохойдоо ороод нуугдав. Хүн түүнийг хараад:
Юу болов, яагаад ингэж айгаав? Гэж асуухад нь оготно муурнаас айсныгаа хэлэхээс ичиж нэрлэхээд:
Энэ ойд нэг аймшигтай нохой байна. Намайг хөөж би арай хийж түүнээс мултарлаа! Гэж худал хэлжээ. Хүн түүнийг сонсоод:
За тэгвэл чи унт! өглөө чи нохой болчихсон байх болно. Тэгээд нохойноос айхгүй болно гэж хэлэв. Оготно өглөө нохой болчихоод хөв хөв хуцаад овоохойгоос гарч ойд гарав.
Сүглэгэр том нохой сүртэй гэгч хуцаж модон дотор гүйж явахыг урьд өдрийн нөгөө муур үзээд, энэ лав намайг барих гэж явна гэж санаад өөрийгөө хамгаалахын тулд самардахаар зэхэж сарвуугаа тэнийлгэн ууртайгаар хүрхрэн дуугарав. Оготно-нохой муурыг ажиглаж дууг нь сонсмогц өөрийн нохой болсоноо ч санахын завдалгүй айж эргэж зугатан овоохойдоо оржээ.
Хэн чамайг айлгав? Гэж хүн асуухад нь муурнаас айлаа гэж хэлэхээсээ ичиж: Ээ бурхан минь, намайг овоохойноос холгүй маш том бар явж байна. Тийм аймшигт амьтанаас яаж амь гарахыг би ер мэдэхгүй байна гэж уйлагнав.
Хүн бас л урьд адил оготонд:
Одоо унт! өглөө чи бар болсон байна. Тэгээд барнаас айхгүй болно гэжээ.
Өглөө бар болчихоод:
Би бүх араатны хаан. Ингэхлээр энэ муу овоохойн мухар сахиж суухгүй, ой хөвчөөр явж олон ан араатныг айлган, хүчтэй зоригтойгоо гайхуулах нь зүйтэй гэж бодоод ойд орж нилээд явжээ.
Гэтэл нөгөө л мууртай тулгармагц агшин зуур тэр муурын үс нь босож нуруу нь нумран, нүд нь аймаар сүртэй гялалзжээ. Түүнийг харсан оготно бар болсныгоо бодож сэтгэхийн ухаангүй айгаад, эргэж харайн овоохойн хамгийн мухарт нуугдан эрүү ам нь дагжин чичирч байв.
Хүн түүнийг хараад гайхаж:
Чи яагаад чичрээ вэ? Энэ ой тайгад барыг айлгах хүчтэн байна гэж үү гэж асуусанд оготно хариуд нь:
Байна...байна.... гэж үхээнц дорой дуугарав.
Хэн байна даа? гэж хүн гайхан асуусанд.
Энэ.... энэ.... энэ муур? Гэжээ.
Ингээд хүн бүх учрыг бүрэн ойлгоод түүнд хэлсэн нь:
Барын цээжинд оготны зүрх цохилж байсан цагт муураас ч дорой байдаг санж. Нэгэнт ийм бол оготны зүрхтэй л бол оготно хэвээрээ л байх болно гээд бард хувирсан оготныг эргүүлэн урьд байснаар нь бяцхан оготно болгон орхисон гэдэг.

0 Сэтгэгдэл: