Гурван эрдэнэ(Япон)

Эрт урьд цагт гурван хүүтэй нэгэн тариачин өвгөн байжээ. Түүний ахмад хүү нь бусдыгаа бодвол даруу номхон, давжаа ядуу учир эцэг эх нь түүнийг өрөвдөх ажээ.
Нэгэн өдөр өвгөн хүүхдэдээ хэлсэн нь:
За хүүхэд минь, аавын чинь нас сүүдэр өндөр болж нар минь жаргах ойртжээ. Өвгөн аавынхаа өв залгаж голомт сэргээх хүүгээ зааж тогтоох цаг боллоо. Та нартаа би цөмд нь адилхан хайртай. Та нарын хэнийг ч гомдоохыг би хүсэхгүй. Ингэхээр та нар харь холын газар очиж аз жаргалаа туршиж ирцгээ. Та гуравт би зардал мөнгийг ав адилхан өгнө. Гурван жилийн дараа үнэт сайн эд агуурсаар хөрөнгө зоорийг хэн илүү базаасан нь миний голомт сахиж өв залгамжилан үлдэг гэжээ.
Отгон хүү: Ах ч аугаа их юм авчирна биз дээ? Хэмээн ууган ахыгаа дооглон егөөднө.
Гурван хүү мөнгөө аваад тал бүр тархан оджээ. Отгон хүү олон хүн бужигнасан нэг хотод очиж гэнэ. Харин ууган хүү хотод очсонгүй холын холыг зорьж хандсан зүгтээ явжээ. Тэр явсаар байтал тэнгис их далай мэт зах хязгааргүй үерлэн хальсан их мөрөнд тулж очоод харвал мөрөн голын цаана мөнх ногоон тайга, уудам их хөндий харагдана. Үржил шимтэй үзэсгэлэнт тэр нутагт очихыг хүсэвч гүүр байхгүй учир хэн ч тэнд очсонгүй, онгон эзгүй зэлүүд нутаг болжээ.
Ууган хүү: Энэ мөрөн дээр гүүр барих хэрэгтэй юм. Тэгвэл тэр атар онгон нутгийг амьтан хүн ашиглаж аж төрөх болно, гэж санаад гүүр барьж эхэлжээ. Тэрээр гурван жилийн турш сая барьж дуусахад буцах болзоо хугацаа нь болчихсон, бас эцгийн өгсөн мөнгийг идэж дуусаад ганцхан зоос үлдсэн, эцгийн өвд нэмэрлэх өчүүхэн ч байхгүй гар хоосон буцах болжээ. Дүү нар минь намайг даажигнана гэж санавч ямар ч арга түүнд байхгүй ажээ. Эх нутагтаа очихийн өмнө их мөрөнгийн эрэг дээр эцсийн удаа унтажээ. Зүүдэнд нь өтгөн цагаан сахалтай өвгөн хүрч ирээд хэлсэн нь: За хүү минь чи хар амиа бодолгүй хамаг олны тусын тулд хэзээ ч арилшгүй хэрэгтэй юм хийж өгчээ. Чиний зүтгэл итгэл, бүтээл үйлсийг зүгээр орхихгүй ээ. Энэ дэгээг ав маргааш гүүрний гол дунд очоод гурван удаа хаяарай. Эхний удаад мөнгөний түрүүвч баригдах вий. Тэр түрүүвчийг сэгсэрхэд барагдашгүй их алттай болно. Хоёр дахь удаад чи домбо барина. Домбыг тонгойлговол алим жимсны амтат дарс аяга аягаар дүүрэн бялхана. Гурав дахь удаагаа чи нэг мөчир барина вий. Энгийн харахад модны мөчир боловч эрхэм чанартай эрдэм чадалтай мөчир юм шүү. Өтөлж өвгөрсөн хэнийг ч болов түүгээр ороолговол тэрхэн даруй залуужина. Харин ороолгохдоо 2-3 илүүгүй гэдгийг битгий мартаарай гэжээ.
Хүү өглөө сэрээд зүүдээ санан яагаад ийм сонин зүүд байдаг билээ гэж гайхан бостол хажууд нь нэг дэгээ хэвтэнэ. Нээрээ ийм дэгээг надад өгч байсан гэж санаад дэгээг авч яаран явсаар гүүрний дунд очиж голруу тавьжээ. Дэгээнд ямар нэг юм орооцолдмогц татаад гаргатал түрүүвч байж. Амыг нь нээмэгц алт зоос асгаран гарав. Дэгээгээ дахин тавьсанд домбо баригдав. Тонгойлгомогц урьд үзээгүй амтат дарс ундран гарав. Дэгээгээ дахин голд тавьтал долгион дундаас мөчир гараад иржээ. Гайхамшигт эрднэсээ алчуурт боож савааны үзүүрт уяаад гэрийн зүг явжээ.
Буцах замдаа хоёр дүүтэйгээ уулзаж харвал тус бүр гурван том боодол бараатай эхэмсэг явцгаана. Отгон хүү нь олсон олзоор баярхаж, ууган ахыгаа дооглно:
Хараач та минь манай ах явж явж сухай ганц саваатай иржээ. Гурван жил тэнэж тэнэж эцгийн өгсөн мөнгийг бараад ирэв үү? Тэгнээ тэр тэнэг амьтан гэж тохуурхан доромжилно.
Ууган хүү дуугүй алхаж, уур нь хүрэв ч тэвчинэ.
Ингэж явсаар гурван хүү гэртээ ирэхэд өвгөн аав нь ураг төрөл ус нутгийнхнаа цуглуулан баяртай угтжээ.
Хамгийн түрүүнд бага хүүгийнхээ савыг нээвэл амсар дүүрэн амуу будаа байна. Аав нь:
Тариачин хүнд тариа будаа дээдийн хөрөнгө гэжээ.
Хоёр дахь хүүгийн хогшилыг харвал боодол боодолоор торго дурдан
Аав нь түүнийг үзээд:
Элбэг баян эд хөрөнгө энэ насны барагдашгүй хоол гэжээ. Ууган хүүгийн юмыг эцэг нь харсан ч үгүй яваад өгчээ.
Яагаав аав аа? миний юмыг харах ч дургүй байна уу гэж хүү асуув.
Эцэг хариуд нь:
Түүнийг үзээд яах юм энэ олон зочдын өмнө шившиг болохоос айж байна гэв. Хүү:
Аав минь битгий уурлаач дээ би бусад хүүгийн адил би таны төрсөн хүү биш гэж үү, та үз би гуйя гэжээ.
Яая гэхэв өвгөн дуртай дургүй алчуурт боодолтой юмыг задалтал, алтан зоос асгаран цуврав. Гэр дүүрэн гэрэл туяа цацарч, хүмүүс харж чадахгүй нүд гялбав. Айлчин гийчид алмайран гайхаж бие бие өөдөө гөлрөн шагшина.
Ууган хүү зочдод хандан:
Зочид та нар зовох юмгүй алтан зоосноос атга атгаар авцгаа. Идээд уугаад барагдашгүй алт бидэнд үлдэнэ. Авцгаа дараа нь манайд очиж найр наадам хийцгээ гэж хэлэв.
Айлчин гийчид өвгөнийд ирээд амсаж үзээгүй амтат дарсаар зочлуулан ам амандаа шагшан гайхана. Зөвхөн тариачин өвгөн гунигтай сууж, гэмшингүйгээр:
Даанч би хөгширч дээ. Тиймгүйсэн бол та нартайгаа насан туршаад наргихад болох байна гэжээ.
Ааваа түүнийг чинь эмчлэх эм надад байна гэж хүү хэлээд мөчрөөрөө аавынхаа нуруун дундуур хоёр дахин цохив. Суусан зочид цочин гайхана. Төдхөн өтөлсөн өвгөн залуужиж, цал буурал үс нь хав хар болж гуч орчим насны гунхсан сайхан эр болчихжээ. Зочлуулж байсан өвгөд эмгэд залуужихын хүслэн болцгоож аль намайг зодооч дээ гэж ам амандаа шуугилдав.
Айлчдын дунд арай ядан суусан нэг эмгэн мөчрөөр мөн л залуужсан боловч хүсэл нь ханасангүй.
Хүү минь арван долоо, найм юм уу, яадахдаа хорин настай хүүхэн гэж харагдахаар залуу болохсон гэж үглэнэ. Бүх хүмүүс бүжиглэн цэнгэж байхад сая залуужсан эмгэн л бүжиглэсэнгүй, хүмүүсийн чөлөөг ажиж байгаад, эрдэмт мөчрөөс нэг хэсгийг тасалж аваад оргожээ.
Нэг мэдсэн эмгэн байхгүй. Цугларсан хүмүүс түүнийг эрж олохоор гартал байшингийн буланд эрдэмт мөчрийн иш нь хэвтэж, дэргэд нь эмгэний халаазны өрөөсөн ханцуйд нярай бяцхан хүү тэнхээ мэдэн бархирч байв. Хүмүүс мэл гайхав. Тэр эмгэнийг ийм нялх хүүхэд болтлоо залуужина гэж хэн санах вэ дээ! Хэлэх үг алга бяцхан хүүг асарч хүн болгох хэрэгтэй болжээ. Ийнхүү ид шидтэй эрдэмт мөчир алга болоод дахин олдсонгүй гэдэг. Түүнээс хойш хөгширч өтөлсөн хэн ч атугай дахин залууждаггүй болжээ.

0 Сэтгэгдэл: